Хэнтий аймгийн шүүх хэвлэлийн хурал зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-07 12:53:11

Хэнтий аймгийн шүүхийн тамгын газраас энэ сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 2016 онд шийдвэрлэсэн "Шүүн таслах ажлын танилцуулга” хэвлэлийн хурлыг аймгийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-д зохион байгууллаа.

Тус хуралд Өндөрхаан телевиз, Хэнтий телевиз, Хэнтийн мэдээ сонин, АЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны сэтгүүлчид оролцов.

2016 оны Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажлын тайланг тус шүүхийн Ерөнхий шүүгч  Б.Дэнсмаа танилцууллаа. Тус шүүх өнгөрсөн оны сүүлийн хагас жилд эрүүгийн 20 хэргийг хүлээн  авч, 15 хэргийг хянан шийдвэрлэж, иргэний 17 хэргийг хүлээн авснаас 16 хэргийг шийдвэрлэжээ. Мөн энэ хугацаанд Дорнод, Сүхбаатар аймагт томилолтоор ажиллахдаа шүүгч Б.Дэнсмаа эрүүгийн 9 хэрэг, шүүгч Б.Сүхгомбо эрүүгийн 11 хэрэг, шүүгч Я.Алтаннавч иргэний 12 хэргийн шүүх бүрэлдэхүүнд тус тус оролцож шийдвэрлэсэн байна.

Харин захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажлын тайланг тус шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Балжмаа танилцуулахдаа: “2016 онд тус шүүх нийт 36 нэхэмжлэл хүлээн авч, 4 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан буцааж, 29 хэрэг шийдвэрлэн, 3 хэргийн үлдэгдэлтэй гарлаа. Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан нэхэмжлэлийн тоо 21-ээр буюу 1.4 дахин, шийдвэрлэсэн хэрэг 18-аар буюу 1.6 дахин тус тус өссөн байна. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 19 хэргээс 10 хэрэг буюу 52.7 хувьд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоосон бол 2 хэрэг буюу 10.5 хувьд нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон, 7 хэрэг буюу 36.8 хувьд нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна” хэмээн мэдээлэв.

Дараа нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажлын тайланг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга танилцууллаа. Тус шүүх 2016 онд нийт 131 эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, 2 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Цагдаагийн газарт буцаасан байна. 2016 онд Прокуророос малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой 20 хүнд холбогдох 9 эрүүгийн хэргийг шилжүүлсэн ба үүнээс шүүхээс 1 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 5 хүнд холбогдох хэргийг өршөөлийн хуулиар өршөөн хэлтрүүлж, 14 хүнд хорих ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь өмнөх онуудтай харьцуулахад малын хулгайн гэмт хэрэг Хэнтий аймагт буурсан үзүүлэлттэй байгаа юм. Өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэгдсэн нийт гэмт хэргийн дийлэнх хувь нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байжээ.

Дараа нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажлын тайланг тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа танилцуулсан юм. Тус шүүх нь 2016 оны жилийн эцсийн байдлаар тайлангийн үлдэгдэл 29 иргэний хэрэгтэй байсан ба шинээр 867 нэхэмжлэл хүлээн авч, нийт 896 нэхэмжлэл, иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэг нь 440 өргөдлийг хүлээн авч 421 маргааныг шийдвэрлэсэн байна.

Төгсгөлд нь Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны эрүү, иргэний хэргийн шүүн таслах ажлын тайланг аймгийн шүүхийн тамгын газрын дарга Б.Баярсайхан танилцуулж, Ерөнхий шүүгчид сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгсөнөөр хэвлэлийн хурал өндөрлөв.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ