IT корпорациуд Трампын зарлигийг эсэргүүцэн шүүхэд ханджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-02-07 14:37:04

МОСКВА. /TASS/. Apple, Google, Microsoft болон Америкийн 100 орчим томоохон компани Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалыг хязгаарлах тухай зарлигийг эсэргүүцэж буй байр суурийнхаа эрхзүйн үндэслэлийг шүүхэд гарган өгчээ.

Дээрх үндэслэлд өгүүлэхдээ, гадаадаас ирэх ажилтнуудыг нь хилээр орохыг хязгаарласан зарлиг нь Америкийн бизнест хохирол учруулж байна гэжээ. Компаниуд энэ байр сууриа ням гарагт Сан-Франциско хотын 9 дүгээр тойргийн давж заалдах шатны шүүхэд танилцуулсан ажээ.

“Энэ зарлиг нь 50 жилийн туршид АНУ-ын цагаачлалын тогтолцоонд баримталж ирсэн шударга ёс, тодорхой байдлын зарчмаас ихээхэн хазайж байна” гэж үндэслэлд дурджээ. “Зарлиг нь Америкийн бизнесийн ашиг сонирхолд ихээхэн хор хохирол учруулаад зогсохгүй инноваци болон өсөлтөд нөлөөлж байна” гэж компаниуд үзэж байна. “Fortune сэтгүүлээс гаргадаг жагсаалтанд багтсан Америкийн хамгийн том 500 компанийн 200 гаруйг нь цагаачид болон тэдний үр хүүхдүүд үндэслэн байгуулсан байдаг” гэж дээрх баримтад дурджээ.

Шүүхэд эрх зүйн үндэслэл гаргасан корпорациудын дотор Apple, Google, Microsoft-оос гадна Facebook, Twitter, Intel, eBay, Netflix, Uber таксины үйлчилгээ, жинсэн хувцас үйлдвэрлэгч Levi Strauss компани байна. Баримт бичигт гадаадаас мэргэжилтэй ажиллах хүчин авч ажиллуулдаг технологийн салбарын компаниудын захирлууд гарын үсэг зурсан байна.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ