Малчид өврийн дэвтэртэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-07 15:48:43

Булган аймгийн цагдаагийн газар малчдад өврийн дэвтэр тараалаа.

Тус газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс иргэд, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гаргах, малын хулгайтай тэмцэх, гарсан гэмт хэргийн эзэн холбогдогч, сэжигтнийг шуурхай илрүүлэх зорилгоор малчдаар өврийн дэвтэр хөтлүүлэхээр болсон байна.

Зам тээврийн хөдөлгөөн ихтэй, төв суурийн газрын ойролцоо байнга нутагладаг малчдаар сэжиг бүхий болон орой үдшийн цагаар холхисон хүн, тээврийн хэрэгслийг бүртгэдэг болгож эхэлж байна. Энэ нь тухайн газар нутаг дэвсгэрт гарсан гэмт хэргийг шуурхай илрүүлэх, мөрдөн шалгах үйл ажиллагаанд зарим талаар дэм болно гэж цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч М.Баяртогтох үзэж байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хуулиар сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгуулах үеэр энэ дэвтрийг сумын удирдлагуудад өгсөн байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ