Дэлхийн хамгийн том зэсийн уурхайн ажилчид ажил хаяна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБУЭНОС-АЙРЕС. /TASS/. Чилийн нутгийн хойд хэсэгт орших “Эскондида” зэсийн уурхайн ажилчид пүрэв гарагт ажил хаялт зохион байгуулж эхлэх ажээ.
Энэ тухай мягмар гарагийн орой уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэл мэдээлэв.
“Зуучлагчийг оролцуулан хэлэлцээр хийсэн боловч тохиролцоонд хүрч чадсангүй. Бүгд ажил хаялтанд” хэмээн 2500 мянган ажилчдыг нэгтгэдэг “Эскондида” уурхайн ҮЭ-ийн мэдэгдэлд уриалжээ. Ажил хаялт орон нутгийн цагаар 2 дугаар сарын 9-ний өдрийн 08:00 цагт/Улаанбаатарын цагаар 19 цагт/ эхлэх аж. ҮЭ-ийн төлөөлөгч Карлос Альендес хэлэхдээ “ажил хаялт удаан хугацаагаар үргэлжилнэ” гэсэн байна.
Ажилчдын ярьж байгаагаар “хэлэлцээр тасалдсаны хариуцлагыг тус уурхайг эзэмшдэг BHP Billiton компани хүлээх ёстой" аж. Тус компанийн удирдлага аливаа хөнгөлөлт, урамшууллыг хуваарилахдаа ажилчдыг шинэ, хуучин гэж ялгаварлахгүй байхыг ҮЭ шаарджээ. Үүнээс гадна, ажилчид цалингаа 7 хувиар нэмэгдүүлэх, ажилчин тус бүрт 25 сая песогийн /38,6 мянган ам.доллар/ урамшуулал олгох шаардлагыг тавьж байгаа аж. BHP Billiton компанийн удирдлага ажилчдын тавьсан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан боловч 8 сая песо буюу 12 мянган ам.долларын урамшуулал олгох боломжтой гэж мэдэгджээ.
“Эскондида” уурхайн бизнесийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Патрисио Вилапланы мэдэгдсэнээр, тус компани ажил хаялтын хугацаанд олборлолтоо түр зогсоох гэж байгаа ажээ.
“Эскондида” уурхай нь олборлолтын хэмжээгээр дэлхийд хамгийн томд ордог. Чилийн уул уурхайн зөвлөлийн мэдээллээр, тус уурхай нь Чилийн зэсийн бараг 20 хувь, дэлхий даяар олборлож буй зэсийн 6 хувийг дангаараа гаргадаг байна. 2015 онд тус уурхайгаас 1,2 сая тонн зэс олборложээ.
О. Барс