ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийг Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-15 12:39:04

ЦЕГ-ын дэргэд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл үйл ажиллагаа явуулах журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийг салбар зөвлөлийн даргаар томилсон шийдвэрийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт боллоо.

Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба "Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн үйл ажиллагаагаар дамжаад энэ салбарын боловсон хүчний сонголт, сонгон шалгаруулалт, сургалт, чадавхжуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, Төрийн албаны зөвлөлийн өмнө хариуцах учиртай. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл энэ чиг үүргээ хангалттай биелүүлж ирсэн.  Цагдаагийн ерөнхийн газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжсон, байр эзлүүлэн дүгнэхэд тогтмол эхний таван байрт  ажилладаг. Цаашид энэ амжилтаа бататгаж, шинээр батлагдсан хуулиа хэрэгжүүлж, төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ илүү сайн биелүүлж ажиллах зорилт цагдаагийн байгууллагад тулгарч байна. Энэхүү зорилтоо ханган биелүүлэхэд салбар зөвлөл үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэдэг бүрэн итгэлтэй байна” гэв.

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн даргыг томилсон шийдвэр гардуулах үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатар, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, дэд дарга, дэд комиссар Ч.Болдбаатар нар болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ