Шадар сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-16 21:24:23

 Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа. Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь нарын аймгийн удирдлагууд, ОБГ-ын албан хаагчид хүлээн авч уулзлаа.

Тус ажлын хэсэг Баянхонгор аймгийн өнөөгийн нөхцөл байдал, ОБГ-ын ажил албатай танилцав. Шадар сайд У.Хүрэлсүх аймгийн ОБГ-т ажиллах үеэрээ, “Онцгой байдлын газрын хүчин чадал, нэр хүнд ард түмнийхээ итгэл сэтгэл дээр тогтдог гэдгийг бид мартаж болохгүй. Жилээс жилд онцгой байдлын албаны нэр хүнд, боловсон хүчний чадавх, техникийн хүчин чадал өсч байгаад би баяртай байдаг. Тиймээс бид ард түмний итгэл хайрыг дааж улам бүр түргэн шуурхай, хичээж ажиллах хэрэгтэй" гэдгийг хэлэв. Мөн үргэлжлүүлэн "Монгол Улсын Засгийн газраас жилээс жилд энэ албаны чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа ч Онцгой байдлын газрын алба хаагч нарын нийгмийн хангамж, цалин тэтгэмжийг хасаагүй. Энэ манай Онцгой байдлын алба ямар чухал, хариуцлагатай вэ гэдгийн тод илэрхийлэл юм. Тиймээс ард түмнийхээ эрүүл энх, амар тайван амьдралын төлөө чин сэтгэлээсээ хандаж хичээж ажиллаарай” гэлээ.

Баянхонгор аймгийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад өвөлжилт харьцангүй таатай байгаа бөгөөд өвөлжилт хүндэрсэн, зуд турханы байдалтай сум одоогоор байхгүй. Тиймээс сумдаар явж ажиллах шаардлагагүй хэмээн үзсэн юм.

                                                                                                               Б.Мөнхзул

Холбоотой мэдээ