Улиастайд улаан хальст сармис кг нь 70000 төгрөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-17 00:52:18

Хэр баргийн тариаланчид тариад байдаггүй зах зээлд олдоц ховор байдаг улаан хальст сармис цагаан сарын баяр болохтой зэрэгцэн Улиастайд үнэд оржээ.

Өнөөдрийн байдлаар Завханы төв Улиастай сумын гурван томоохон хүнсний захад нэг кг улаан хальст сармис 65000-70000 төгрөг болжээ. Цагаан сарын баярын бууз, баншаа амт ааг чанартай сармисаар амтлах гэсэн иргэд ёстой хүчээр л үнэ тоохгүйгээр худалдаж авч байна. Өнгөрсөн намар нэг кг нь 50000 төгрөгөөр зарагдаж байсан улаан хальст олдоц ховор байгаа ажээ. Цөөхөн хэдхэн тариаланч хадгалсан сармисаа ийн жил бүрийн тэмдэглэлт өдрүүдээр үе үе зах зээлд өндөр үнээр гаргадаг нь энэ юм. Тариалалт хадгалалтын нарийн горимтой энэхүү сармис нь Завханы гол нэрийн бүтээгдэхүүн. Жирийн сармисаас хэд дахин амт аагтай, зөвхөн нэг хумсыг нь гурваас дөрвөн удаагийн оройн хоолыг амталж болдог ажээ.

Улаан хальст сармисны тариалалтыг бодлогоор дэмжиж байна

Завханы брэнд болсон “улаан хальст сармис”-ыг өрх бүр тариалан жинхэнэ брэнд болгох хэрэгтэйг үе үеийн аймгийн удирдлагууд дэмжин ажилладаг.

Тухайлбал өнгөрсөн жил 10,0 сая төгрөгөөр сайн чанарын үр бэлтгэн ногоочин өрх бүрт гэрээгээр олгосон байна. Үүний үр дүнд өнөрсөн намар Улиастайд ногоо тарьдаг 50 гаруй иргэн сармисаа амжилттай  тариалж чамгүй ургац аваад байгаа. 2013 оноос улаан хальст сармисны тариалалтыг нэмэгдүүлэх, хадгалалтын технологийг сайжруулж орон нутаг төдийгүй  зах зээлд хүрэлцээтэй гаргах зорилгоор “Улаан хальст сармис” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж ажиллаж байна. Хөтөлбөр батлагдсанаар сүүлийн хоёр жил 3.2 га-д тариалж жилд 12.5-15 орчим тн-ыг хурааж аваад буй юм. Жил бүр чамгүй сармис хураан авсан хэдий ч хадгалалтын горим алдагдсанаас хураасан сармисаа үнэгүйдүүлэх, дахин үрийн сармис бэлтгэх гээд дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа ажээ. Тиймээс сармисны тариалалтыг дэмжих, ногоочдыг чадавхижуулах олон талын дэмжлэгийг аймгаас бодлогоор хэрэгжүүлж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ