Шинэжинст сумынхан ямаанаас бусад малаа өсгөх бодлого баримталж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-17 14:34:43

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Малчид төлчдийн зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг оролцлоо. Тус сумынхан зөвлөлгөөнд идэвхтэй оролцсон байна.

Өнгөрсөн онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа 115.5 хувиар давж биелэсэн, Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний дүн 4.1 сая төгрөгт, 2016 онд Баянхонгор аймгийн нийт хүн ам 85 мянгад хүрсэн, Мал сүргийнхээ тоогоор Монгол Улсын тэргүүний таван аймгийн нэг болсон зэрэг сайхан мэдээг аймгийн Засаг дарга дуулгаж, Малчид төлчдийн зөвлөлгөөний үйл ажиллагааг эхлүүлсэн.

2016 онд аймгийн хэмжээнд малаа таван төрөл дээр нь өсгөсөн сумдын нэг нь Шинэжинст сум бөгөөд жилийн эцсийн мал тооллогоор 187.412 толгой мал тоолуулжээ. Нийт малын 85 хувийг ямаан сүрэг эзэлж байгаа ба цаашдаа тэмээ, хонь, адуу, үхрийг өсгөх, малын чанарыг сайжруулах бодлого баримтлан ажиллахаар төлөвлөсөн байна. Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон төрийн торгон сүрэг хөтөлбөрийн хүрээнд Залаа жинст, Идрэнгийн цагаан ямаагаар төрийн торгон сүрэг буюу цөм сүрэг бий болгох ажлыг судалгааны үндсэн дээр энэ онд эхлүүлхээр болжээ.

Мөн үеэр тус сумаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Н.Баярсайхан тойрогтоо хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа. Тэрээр тойргийнхоо шинэ төрсөн хүүхэд бүрт мялаалга болгож тодорхой хэмжээний мөнгийг олгодог бол Алтай кашмер ХХК-тай хамтарч таван төрлийн хувцас бүтээгдэхүүн нэхэх тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа юм байна.

Зөвлөлгөөний үеэр Бичин жилд хөдөлмөр бүтээлээрээ онцгойрсон зарим хүмүүсийг Засаг даргын жуух, аймгийн тэргүүний ажилтнаар шагналаа. Шинэжинст сумаас аймгийн аварга малчин-3, энэрэнгүй үйлстэн -1 төрсөн ба энэ сарын 24-нд Баянхонгор хотод болох Тэргүүний малчдын зөвлөлгөөний үеэр шагналаа гардаж авна. Мөн тус сумаас 13 мянгат малчин шинээр төрж байгаа бөгөөд зөвлөлгөөний үеэр аймаг сумын удирдлагууд шагналыг гардууллаа.

                                                                                                   Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ