“Түйн голын жавар-2017” мөсний баярт 800 гаруй иргэн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-20 14:27:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Түйн голын жавар-2017” мөсний баярын энэ оны арга хэмжээ нь үндэсний өв уламжлалын төрлүүдээр дагнан зохион байгуулснаараа онцлог боллоо. Мөсний баярт нийт 35 байгууллагын 800 гаруй иргэд оролцжээ.

Баярыг Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хаан банк хамтран зохион явуулсан юм. Баянхонгор сумын нутаг Түйн голын мөсөн дээр болсон тус баяраар өв соёлоо дээдэлж, нэг өдрийг цэвэр агаарт хамт олонтойгоо халуун дулаан уур амьсгалтай өнгөрөөсөн үйл ажиллагаа болжээ.

“Түйн голын жавар-2017” мөсний баяраар дөрвөн төрлийн тэмцээн зохион явуулсан бөгөөд байгууллага хамт олон сайтар бэлдсэн байдал нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож байсныг зохион байгуулагчид онцолсон.

Тэмцээний Мөсөн шагайн төрөлд "Авто-18" компани, Шагайн няслах, шагайн шүүргийн төрөлд Политехникийн коллеж тус тус тэргүүлсэн бол Хээрийн цайны амтны төрөлд 13 дугаар цэцэрлэг бусдыгаа хошуучлав. Монгол үндэсний сайхан хувцастай хос шалгаруулах төрөлд Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар 1дүгээр байрт, Политехникийн коллеж хоёрдугаар байрт, Боловсрол, соёл урлагийн газар гуравдугаар байрт шалгарлаа.

                                                                                                                      Б.Мөнхзул

Холбоотой мэдээ