Малчид нэг тэрбум гаруй төгрөгийн урамшуулал авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-20 17:27:51

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн малчид үндэсний үйлдвэрүүдэд малынхаа арьс, ширийг  өгсний хариуд 1 тэрбум гаруй төгрөгийн урамшуулал авахаар болсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан малчин, мал бүхий иргэнд мөнгөн урамшуулал олгох журмыг баталсан. Энэ нь өөрсдөд нь чиглэсэн таатай бодлого гэж малчид хүлээн авсан.

Энэ  журмын дагуу өнгөрсөн онд 4300 өрх 333 мянга 380 ширхэг арьс, ширийг өөрийн аймагт ажилладаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан үндэсний үйлдвэрүүдэд тушаасан байна. Энэ нь урьд оныхоос өссөн үзүүлэлт болжээ. Тухайлбал, арьс шир тушаасан малчин өрхийн тоо 889, арьс, ширний тоо 96 мянга 194-өөр тус тус нэмэгдсэн байна.

Аймгийн ХХАА-н газар арьс, ширний урамшуулал авах малчин өрхийн материалыг Мал хамгаалах санд дээрх журмын дагуу хүргүүлсэн бөгөөд Мал хамгаалах сан материалыг хянана. Ингэснээр малчдад урамшуулал олгох шийдвэрийг салбарын сайд гаргаж, шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан санхүүжилтыг Мал хамгаалах сангаас Монголбанкин дахь “Малчин” дансанд шилжүүлдэг байна.  

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ