Ханбогд суманд тэмээ олноор үхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 14:18:00

Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнгөрсөн пүрэв гариг буюу 15-ны өдөр тэмээ өвчилсөн дуудлагын дагуу аймгийн Мал эмнэлгийн 2 эмч газар дээр нь очиж ажиллажээ.

Тус сумаас 75 км-т Номгон багийн нутаг Зүүн загийн ус хэмээх газарт 3 айлын 1 хотны 70 гаруй торомтой ингэ намаржиж байгаа бөгөөд өвчилсөн тэмээнд шаардлагатай бүхий л эм тариа, эмчилгээг хийсэн боловч тусыг эс олж 8 тэмээ өвчилсөний 7 нь үхсэн байна. Иймд аймгаас ажлын хэсэг гарч ажилласан юм.

Тэд эхлээд шинж тэмдгийн шинжилгээ хийж, сэг зэмнээс дээж авч улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторид явуулахад урьдчилсан хариугаар хурц хордого буюу потулизм гэдэг өвчин байж болзошгүй гэж гарсан байна. Энэ нь ихэвчлэн малын сэг зэм, үжир яснаас малд халддаг бөгөөд тэмээ нь мэдрэг амьтны дээр энэ өвнөөр өвчлөх нь маш ховор тохиолддог байна.

Уг өвчнийг дэлхий нийтэд одоогоор төгс эмчлэх аргыг ч олоогүй байгаа бөгөөд тархинд цус харвах, саажих шинж тэмдэгээр амьтныг шууд үхэлд хүргэдэг. Ажлын хэсэг бэлчээр, ус мөн өвчилсөн болоод үхсэн тэмээний ялгадас, цуснаас шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний сүүлийн хариу ирэх 22-нд гарах аж.

Одоогоор өвчилсөн тэмээнээс 8 ингэ үхээд байгаа юм. Ойролцоох 7-8 км орчмын хот айлуудын тэмээд хэвийн байгаа бөгөөд зөвхөн өвчлөлийн голомт гарсан энэ хот айлын эх малууд үхсэн байна.  

    Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ