Хүүхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тулгамдсан асуудлуудаа мэдээллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-22 15:29:39

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сумын хүүхдийн "Мини ИТХ"-ын төлөөлөгч хүүхдүүд санаачлан үе тэнгийнхнийхээ дунд судалгаа явуулжээ.

Төлөөлөгч хүүхдүүд өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдээр Улиастай сумын зургаан сургуулийн 3-12-р ангийн 130 хүүхдүүдийн дунд санал асуулга явуулжээ. Судалгаа, санал асуулгад хүүхдүүд идэвхтэй оролцсон бөгөөд хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг хөнджээ. Тухайлбал: Улиастай сумд үйл ажиллагаа явуулж байгаа PC тоглоомын газрууд далд хэлбэрээр хүүхдүүдийг хонуулж тоглуулж байна түүнийг холбогдох газраар нь шалгуулах хэрэгтэй гэж үзжээ.

Мөн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн хажуугийн замд тавигдсан хурд сааруулагчийн гадна талаар нь зам давж автомашин хөдөлгөөнд оролцож байгаа нь хүүхдүүдийг осол гэмтэлд оруулах эрсдэлтэй байна,  хүүхэд дайруулах дөхсөн асуудал маш их гарсан гэдгийг хэлжээ. Түүнчлэн гэр бүлийн орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг, хүүхдүүдийн дунд үе тэнгийнхний дарамт шахалт, дээрэм их байдаг, хүнсний аюулгүй байдалд холбогдох байгууллагын зүгээс тавих хяналтыг сайжруулах, сургуулийн хажуугийн дэлгүүрүүд бэлэн гоймон болон чанарын шаардлага хангахгүй бэлэн бүтээгдэхүүн, сироп найруулж хямдхан зардаг, бэлтгэсэн саваа угаадаггүй, энэ тухай хэлэхээр хүүхдүүдийн шаардлагыг хүлээж авдаггүй гэх мэтчлэн асуудлуудыг хүүхдүүд голчлон бичжээ.

Энэхүү судалгааны дүнг төлөөлөгч хүүхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан томчуудад хүргэлээ.

Дашрамд хүүхдийн “Мини ИТХ” тав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд зарим төлөөлөгч хүүхдүүд нь сургуулиа төгссөнтэй холбогдуулан ирэх хавар дахин шинэчлэгдэж шинэ төлөөлөгчдөөр эгнээгээ тэлэх юм байна.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ