Ford-ын эд ангиудыг 3D-гээр хэвлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-03-09 18:02:43

АСТАНА. /KAZINFORM/. Америкийн автомашин үйлдвэрлэгч "Ford"-ын ирээдүйн автомашинуудыг хэсэгчлэн 3D принтерээр хэвлэсэн эд ангиудаар угсарч магадгүй гэж "TechCrunch" цахим хуудсанд бичжээ. Энэ нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулаад зогсохгүй машиныг тусгай захиалгаар хийх үнийг бууруулах боломж олгох юм.

"Ford" компани "Stratasys" компанитай хамтран машины эд ангиудыг хийж байгаа ажээ. Туршилтын явцад  автомашины ямар эд ангиудыг 3D принтерийн тусламжтайгаар хийж болох, мөн уг технологи нь аль хэр их өртөгтэй болохыг тодорхойлох юм байна. Туршилтыг Мичиган муж улсын Дирборн дахь "Ford"-ын инновацийн төвд явуулж байгаа аж.

Автомашин үйлдвэрлэлийн салбарт эзлэхүүний хэвлэх технологийг ашиглах нь үнэхээрийн том дэвшил болно. Одоо байгаа принтерүүд нь маш богино хугацаанд ямар ч хэлбэр дүрс, хэмжээтэй эд ангиудыг үйлдвэрлэх боломжийг олгодог. Үүн дээр тоноглолыг бий болгох хялбаршуулсан процесс нь туршилтын шинэ загварыг богино хугацаанд үйлдвэрлэн гаргаж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах боломжтой. Тухайлбал, шинэ сорох коллекторыг уламжлалт аргаар хийхийн тулд түүний виртуаль эзлэхүүний загварыг гаргах хэрэгтэй болно. Үүний дараа тухайн тоноглолын зураг төслийг гаргах, түүнийг үйлдвэрлэхийн тулд хэдэн сарын турш хүлээхээс аргагүй болдог. Харин гурван хэмжээст хэвлэлтийн тусламжтайгаар ердөө хэдхэн өдрийн дотор шинэ коллекторын зураг төслийг хийж, үйлдвэрлэх боломжтойн зэрэгцээ зардлыг ихээхэн бууруулах юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар 2020 он гэхэд эзлэхүүний хэвлэлтийн технологи нь анагаах ухаан, автомашины үйлдвэрлэлд ашиглагдах төдийгүй нисэх онгоцны деталиудыг үйлдвэрлэхэд ашиглах ажээ. Ингэснээр 3D хэвлэлтийн дэлхийн зах зээлийн багтаамж 9,6 тэрбум долларт хүрэхээр байгаа юм. Технологийн процесс хялбар болохоос гадна гурван хэмжээст хэвлэгчээр үйлдвэрлэсэн эд ангиуд нь ижил төрлийн металл эд ангиудаас жингийн хувьд хөнгөн байдаг нь орчин үеийн автомашины үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдолтой зүйл юм.

Автомашины үйлдвэрлэлд шинэ технологийг хэрэглэх нь бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад тус дөхөм болно, учир нь инженерүүд эд ангиудын загварыг богино хугацаанд хийж, туршилтын загваруудаа бодит нөхцөл байдалд турших боломжтой болно. Эд ангиудын хийцэд аливаа өөрчлөлтийг цаг алдалгүйгээр шуурхай оруулах боломжтой болох юм.

Өмнө нь BMW компани 3D принтерээр хэвлэсэн металл эд ангиудыг ашиглана гэдгээ мэдэгдэж байв. Тус компани металл эд ангиудын 3D хэвлэлтээр мэргэшсэн Америкийн "Desktop Metal" компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.  

О.Барс



 

Холбоотой мэдээ