“Дэгдээхэй нас” бүжгийн уралдаанд “Бүжинхэн” цэцэрлэг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-10 23:09:00

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тахиа жилийнхээ эхний ажил болгож, өнөөдөр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн “Дэгдээхэй нас” бүжгийн уралдааныг зохион байгууллаа. 

Уралдаанд 6 сумын цэцэрлэгийн 110 гаруй багачууд 7 баг болон өрсөлдөж, бүжгийн аваргаа тодруулав. Тус тэмцээнийг Тэмүүжин цогцолбор сургуулийн бүжгийн багш Д.Бадрал, ГБХЗХГ-ын дарга Б.Энх-Эрдэнэ болон Эрдэм баян Хэрлэн 4-р сургуулийн бүжгийн багш О.Нарангарав нар шүүн явуулжээ.

Тэмцээнд Бор-Өндөр сумын “Бүжинхэн” цэцэрлэгийн Д.Золзаяа багшийн бэлтгэсэн бэлтгэл бүлгийн “Монгол донж”  хамтлаг 19 оноогоор тэргүүн байр, тус цэцэрлэгийн ахлах бүлгийн “Хатир” хамтлаг 17  оноогоор дэд байр, Бэрх тосгоны “Монголжингоо” хамтлаг 16 оноогоор гуравдугаар байр, Хэрлэн 7-р цэцэрлэгийн “Ирээдүй” хамтлаг 15,3 оноогоор тусгай байранд шалгарлаа.

Тус уралдаан нь хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх, бүжгийн урлагийг таниулах, хөдөлгөөний эвсэл болон бүжиглэх ур чадвар суулгах, гоо зүйн мэдрэмжтэй болгох, бие бялдрыг нь хөгжүүлэн өв тэгш хүмүүжил олгох гол зорилготой юм.

Анхны “Дэгдээхэй нас” уралдаанд Бор-Өндөр сумын Д.Золзаяа багшийн бэлтгэсэн “Монгол донж” хамтлаг ахлах бүлэгт байхдаа аймагтаа тэргүүлж байсан бөгөөд улсын уралдаанд мөн тусгай байрын шагнал хүртэж байсан туршлагатай аж.

Ийнхүү Д.Золзаяа багшийн бэлтгэсэн Бор-Өндөр сумын “Бүжинхэн” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн “Монгол донж” хамтлаг аймгаа төлөөлж  3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод 3 дахь жилдээ зохион байгуулагдах сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн “Дэгдээхэй нас” улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ