М.Болдсайхан: Энэ жилээс монгол, орос, англи хэлийг сонсоод ойлгох чадварыг шалгана
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. 2017 оны ЭЕШ-ын бүртгэл дуусахад сарын хугацаа үлдээд байна.
БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын Үнэлгээний Төв /БҮТ/-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас энэ жилийн ЭЕШ-тай холбоотой зарим асуудлыг тодруулав.
-Энэ жил нийт хичнээн хүүхэд шалгалт өгөх вэ?
-Энэ жил ойролцоогоор 37 мянга гаруй хүүхэд ЕБС-ийн 12 дугаар ангийг дүүргэнэ. Үүнээс гадна өмнөх жилүүдэд төгссөн хүүхдүүдийг оролцуулвал нийт 40 мянга орчим хүүхэд ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гараад, бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогоор бүртгэл 20 гаруй хувьтай байна. Бүртгэл ирэх сарын 14-ний 18 цагт дуусна. Иймээс хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тул шалгуулагчдыг хугацаандаа амжихыг анхааруулж байна.
-Энэ жилийн ЭЕШ-ын онцлог гэвэл?
-Нэгдүгээрт монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамтатган зохион байгуулахаар болсон. Хоёрдугаарт монгол хэл, англи, орос хэлний шалгалтад сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг нэмж оруулж байгаа. Үүнтэй холбоотой шалгалтын бүх байранд сонсох төхөөрөмж байрлуулсан. Сонсох төхөөрөмжийн ажиллагаа нь шалгуулагчдын сурлагын амжилтад сөргөөр нөлөөлөхгүй гэж мэргэжилтнүүд үзсэн.
Гуравдугаарт өмнө жил шалгуулагчдад буруу хариултаа засах боломж олгох үүднээс харандаагаар бөглүүлж байсан бол энэ жил хар, хөх өнгийн үзгэн балаар бөглөхөөр боллоо.
-Ер нь хүүхдүүдийн шалгалтын гүйцэтгэл хэр байдаг вэ?
-Манай төвөөс жил бүр улсын дунджийг анхны онооны гүйцэтгэлээр нь гаргаж үздэг. Өнгөрсөн жилийн хувьд математикийн улсын дундаж гүйцэтгэл 100 оноо авахаас 28 хувьтай байгаа бол нийгэм 47, орос хэл 56, англи хэл 33 хувьтай байна. Үүнээс үзэхэд бүрэн дунд сургууль төгсч байгаа хүүхдүүдийн сурлагын амжилт хангалтгүй гэж дүгнэж болно.
Ялангуяа математик, физикийн хичээлд цаашид анхаарууштай. Харин монгол хэлний хичээлийн хувьд гайгүй үзүүлэлттэй гарсан. Монгол хэлний улсын дундаж тогтмол 50 орчим хувьтай байдаг.
Монгол хэл-бичгийн шалгалтын хувьд босго оноо тогтоосноос хойш жил дараалан өсөлттэй гарч байгаа. 2014 онд монгол хэлний улсын дундаж 30.2 хувьтай байсан бол дараа жил нь 32.6 хувь, 2016 онд 33 хувь болж өссөн. Өнгөрсөн жил орос хэлний хичээлийн хувьд хамгийн өндөр гарсан. Учир нь өнгөрсөн жил 1250 хүүхэд орос хэлний хичээлээр шалгалт өгсөн.
Энэ шалгалтыг орос хэлийг гүнзгийрүүлэн үздэг Плеханов, Орос 14, 23 дугаар сургуулийн сурагчид түлхүү өгсөн учраас онооны хувь өндөр гарсан.
Математикийн хичээлийн улсын дундаж яагаад бага байна вэ гэвэл өнгөрсөн жил 37 мянган хүүхэд шалгалт өгөхөд тэдний 30 мянга орчим нь математикийн шалгалт өгсөн. Энэ нь төгсөгчдийн мэргэжил сонголттой ихээхэн холбоотой. Ихэнх их, дээд сургуулийн элсэлтийн суурь шалгалт нь математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэгийн хичээл учир олон хүүхэд өгдөг. Энэ хэрээр улсын дундаж буурч байдаг.
-БҮТ-ийн 2016 оны тайланд ЭЕШ-ын нийлбэр дүнгээр аймаг, дүүргүүдийг жагсаасан байсан. Ер нь улсын болон хувийн сургуулиудын чанар чансаа хэр зөрүүтэй байна вэ?
-БҮТ-өөс жил бүр аймаг, дүүргийн ЕБС-иудыг шалгалт өгсөн үзүүлэлтээр нь эрэмбэлдэг. Өнгөрсөн жилийн хувьд Өвөрхангай аймаг нийт 10 хичээлийн хэмжээст дунджаар улсад тэргүүлсэн бол хоёрдугаар байрт Дорнод, гуравдугаар байрт Завхан аймаг орсон.
Нийслэлийн дүүргүүдээс нэгдүгээр байрт Сүхбаатар, хоёрдугаарт Баянгол, гуравдугаарт Чингэлтэй дүүрэг орсон. Энэ нь ЭЕШ-ын 10 хичээлийн гүйцэтгэлийн дунджаас гадна тухайн аймаг дүүргийн шалгуулагчдын тооноос ихээхэн хамаардаг.
Улсын болон хувийн их, дээд сургуулиудыг хооронд нь зөвхөн ЭЕШ-аар дүгнэн баримжаалж байр эзлүүлнэ гэдэг боломжгүй. Учир нь математикийн хичээлээр 450 хүүхэд шалгалт өгч байгаа цогцолбор сургуулийн амжилтыг хоёр хүүхэд шалгалт өгч байгаа хувийн сургуультай харьцуулшгүй. Сүүлийн үед олон нийтийн цахим хуудсаар сургуулиудыг сургалтын орчин, хүүхдийн төлөвшил, улсын шалгалтад үзүүлсэн амжилт, боловсролын чанарын үнэлгээний амжилт зэргээр эрэмбэлэх байтал ганцхан ЭЕШ-д үзүүлсэн амжилтаар дүгнэж буй нь нэг талаасаа тухайн сургуулийг сурталчилсан мэт болж байгаа юм. Харин шалгуулагчдын тоотой харьцуулбал их өөр үзүүлэлт гарч ирнэ.
-ЭЕШ-д тогтмол амжилт гаргадаг сургуулийг нэрлэж болох уу?
-Энэ нь багшийн ур чадвараас гадна сургуулийн орчин, ном сурах бичгийн хүрэлцээ зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Манай БҮТ-өөс сургууль руу чиглэсэн нарийвчилсан судалгаа хийдэггүй. Гэхдээ олон жилийн дунджаар авч үзвэл улсын сургуулиудаас математикийн хичээлээр физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 болон 1 дүгээр сургууль түлхүү амжилтыг тогтмол хадгалж байна. Ерөнхий чиг хандлагаар 10 хичээлийн дунджаар үзүүлсэн амжилтаар үзвэл БГД-ийн 93 дугаар сургууль эхний 10-н байрт тогтмол ордог.
-Бүх шатны боловсролын чанарын үнэлгээг хаанаас хийдэг вэ?
-БҮТ-өөс Сайдын тушаалаар 5, 9, 12 дугаар ангиудад чанарын үнэлгээний шалгалтыг дөрөв дэх жилдээ хийж байна. Энэ үнэлгээний зорилго нь одоо хэрэгжиж буй боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байгааг түүврийн аргаар хянаж байгаа. Хоёрдугаарт улсын шалгалтыг нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулж байна. Үүгээр хөтөлбөр хэрэгжсэнээр суралцагчдын сурлагын амжилт ямар түвшинд байна, тэдний ахиц дэвшил хэр байгааг хэмжиж үздэг. Мөн их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн шалгалтыг 12 дахь жилдээ зохион байгуулж байна.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр