Марш тактикийн тэмцээнд 0245-р анги тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан марш тактикийн тэмцээний дүн өнөөдөр гарлаа.
Энэхүү тэмцээнд Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг хууль, хүчний найман байгууллагын тамирчид оролцож, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Марш тактикийн тэмцээнд Улаангом сум дахь Хилийн цэргийн 0245-р ангийн баг тамирчид 1-р байр эзэлж Шилжин явах цом, алтан медалийн эзэд боллоо. Харин 2-р байранд Зүүнговь сум дахь Зэвсэгт хүчний 325-р ангийн 328-р салбар, 3-р байранд Баруунтуруун сум дахь Хилийн цэргийн 0311-р ангийн баг тамирчид шалгарч мөнгө, хүрэл медалиар шагнагдсан бол шагналт байранд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид орлоо.
Марш тактикийн тэмцээнийг Увс аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цэргийн штаб, хүчний байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Марш тактикийн тэмцээний өмнө зохион байгуулагдсан цуврал 11 тэмцээнд Баруунтуруун сум дахь Хилийн цэргийн 0311-р анги тэргүүлж, шилжин явах хоёр цомын нэгнийх нь эзэн болсон юм.
Б.Батхүү