Орон нутгийн ажилчдыг түлхүү ажиллуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-21 15:24:22

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт Уул уурхайн зөвлөлгөөнөөр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай аймгийн Засаг дарга хуульд заасны дагуу байгуулсан гэрээнд тусгасан тодорхой нөхцлийг хэрэгжүүлж ажиллахаар болжээ.

Ажиллах хүчний 60-аас доошгүй хувийг орон нутгаас авах, Орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг гадна бусад зах зээлээс авахгүй байх, Бүх төрлийн татвар шимтгэлүүдийг орон нутгийн төсөвт төлдөг байх шаардлага тавихаар болсон байна. Мөн зохион байгуулалтад орсон бичил уурхайн нөхөрлөлүүдтэй гурвалсан гэрээний үндсэн дээр талбай олгох, хамтран ажиллах, эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллах, уул уурхайн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар төлбөрөө тайлагнаж байх ёстой гэж байна.

Түүнээс гадна уурхай эрхлэхэд шаардагдах Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг бүрэн хангасан тохиолдолд ажлаа эхэлж байх, Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг сум орон нутгийн өмнө тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал санаачилга гаргах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан “Нэг уурхай- Нэг үйлдвэр” хөтөлбөр дэмжих талаар ч тусгажээ.

                                                                                                                    Б.Мөнхзул

Холбоотой мэдээ