Галын аюулаас сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-21 15:44:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт хаваржиж байсан айлд гал гарч, бага насны 2 хүүхэд галд өртөж нас баржээ. Тус хэргийг холбогдох байгууллагад шалгаж байгаа бөгөөд хэрэгтэй холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газараас нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх, гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх, цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байхыг тус албаныхан анхааруулж байна.

Мөн гараж, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх, байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг зөвлөлөө.

                                                                                                               Б.Мөнхзул

Холбоотой мэдээ