Умард Солонгосын хакеруудын тоо 7700 болж өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ./Yonhap/. Умард Солонгос кибер довтолгооны чадавхаа нэмэгдүүлэхээр шаргуу ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн хакеруудынх нь тоо ойролцоогоор 7700-д хүрээд байна.
Улс үндэстнээ нэгтгэх Солонгосын хүрээлэнгээс гаргасан тайланд "Умардаас ирж буй кибер дайралтын эсрэг Өмнөд Солонгосын тал дорвитой хариу арга хэмжээ авах хэрэгтэй" гэжээ.
Тайланд дурдсанаар, Солонгосын Хөдөлмөрийн нам болон Солонгосын Ардын армийн харьяаны хакерын долоон байгууллагад 1700 хакер байгаагаас гадна 10 байгууллагын нийтдээ 6000 гаруй мэргэжлийн хакерууд Умард Солонгост ажиллаж байна.
XXI зуунд болох дайны үндсэн гол талбар нь кибер орчин байна гэж 2003 онд Умард Солонгосын өмнөх удирдагч Ким Жөн Ир хэлснээс хойш Пхеньян хакеруудынхаа хүчийг зузаатгах болжээ. Кибер дайралт хийсэн тохиолдолд дэлхийд сүлжээгээрээ тэргүүлдэг Өмнөд Солонгост ихээхэн гай учирна гэж ажиглагчид үзэж байна.
2009 оноос хойш Умардын хакеруудын аюул Өмнөд Солонгосын цахим хуудсуудад нүүрлэх болжээ. Хэдхэн сарын өмнө Өмнөд Солонгосын хэдэн зуун дипломатчид болон аюулаас хамгаалах албаны ажилтнуудын ухаалаг гар утсуудыг Умард Солонгосын нэгэн бүлэглэл хакердан, тэдний бичсэн мессежүүд болон холбоо барих дугааруудын жагсаалтыг олж авахыг оролдсон байна.
Х.Сарнай