Төрийн нэгдсэн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд хүргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Өчигдрөөс эхлэн Гурвансайхан, Өндөршил сумын иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авч байна. Аймгийн төвд ирж авах шаардлагатай төрийн үйлчилгээг дэргэд нь хүргэж байгааг хөдөөгийн иргэд талархан хүлээн авч байна.
Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь аймаг орон нутгийн бодлогын нэн түрүүнд тавьдаг зорилт байдаг. Дундговь аймгийн Засаг даргын хувьд 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт төрийн нэгдсэн үйлчилгээг хөдөөгийн сум бүрт хүргэж ажиллахаар төлөвлөсөн байна. Энэ дагуу “Төрийн нэгдсэн үйлчилгээ” өдөрлөгийг Гурвансайхан, Өндөршил сумаас эхэлсэн нь энэ юм.
Төрийн нэгдсэн үйлчилгээ өдөрлөгөөр хөдөөгийн иргэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоо хийлгэж, газрын харилцаа, иргэний бүртгэл, нийгэм, эрүүл мэндийн даатгал, хөдөлмөр халамж гээд төрөөс үзүүлдэг арав гаруй үйлчилгээг нэг дороос авч байна. Мөн өмгөөлөл, музей, номын сангийн үйлчилгээ ч иргэдэд хүрч байна. Шилэн данс, төсөв санхүүд иргэд хэрхэн хяналт тавих, даатгал, банкны үйлчилгээ, үнэт цаас, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, хууль эрх зүй, аудит гээд иргэд өөрт хэрэгтэй олон төрлийн мэдээллийг өдөрлөгийн үеэр авч байна.
Энэ үеэр мөн сумын ЗДТГ болон бусад төрийн байгууллагын алба хаагчдад зөвлөн туслаж, мөн төрийн байгууллагын ажил үйлчилгээг сайжруулахтай холбоотой иргэдийн санал бодлыг сонсох “Иргэдээ сонсоё” уулзалтыг зохион байгуулж байна. Өдөрлөгийг зохион байгуулж аймгийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 15 агентлагийн 70 гаруй төрийн албан хаагч дээрхи 2 суманд ажиллаж байна.
Т. Отгонтуяа