Ажил төрөл эрхэлдэггүй хүмүүс ихэвчлэн амиа егүүтгэдэг судалгаа гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-31 22:18:27

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Улсын хэмжээнд амиа егүүтгэх тохиолдол өндөр байгаа нь сүүлийн 5 жилд Цагдаагийн байгуллагад шалгагдсан эрүүгийн хэргийн хэргийн тоон мэдээллээс харагдаж байгаа учраас Улсын ерөнхий Прокурорын газрын судалгааны төв нь мэргэжлийн судлаачдын баг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас аймгийн хэмжээнд амиа егүүтгэсэн тохиолдолыг сүүлийн 5 жилээр судлаж үзэхэд нийт 139 хүн амиа егүүтгэж нас баржээ. Амиа егүүтгэсэн хүмүүсийн зонхилох нь боловсрол мэргэжилгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хойд эцэг эхтэйгээ амьдардаг, гэр бүл салсан, ганцаараа амьдардаг, орон гэргүй, санхүүгийн асуудалд орсон зэрэг байдал нөлөөлж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мөн дээрх хүмүүсийн сэтгэцийн байдал, сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчтэй эсэхийг судалж үзэхэд 95 хувь нь сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй байсан гэнэ. Харин 5 хувь нь сэтгэцийн төрөлхийн болон олмол өвчтэй хүмүүс байжээ.

Амиа егүүтгэх тохиолдол 2013-2014 онуудад хамгийн өндөр байсан бол 2015 оноос буурч эхэлсэн бөгөөд цаашид иргэдэд соён гэгээрүүлэх сургалт мэдээлэл чухал байна гэдгийг Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн мэдээллээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ