Асадын айлчлал ОХУ хүчин чармайлтаа идэвхжүүлж байгааг харуулж байна

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-22 14:31:46

ВАШИНГТОН. /TASS/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын Москвад хийсэн айлчлалыг Оросын эрх баригчид арабын энэ улсын мөргөлдөөнийг улс төрийн арга замаар зохицуулах хүчин чармайлтаа эрс идэвхжүүлэхээр төлөвлөж байгааг харуулж байна гэж үзэж болох юм. Ингэж үзэж байгаагаа АНУ-ын Засгийн газраас санхүүждэг “Эрх чөлөө/Европын эрх чөлөө” радио станцийнхан лхагва гарагт хийсэн тайлбар нэвтрүүлэгтээ илэрхийлжээ. 

Террорист “Лалын улс” бүлэглэлийн эсрэг ОХУ-ын Агаар-сансрын хүчин гурван долоо хоногийн өмнө ажиллагаа явуулж эхэлсний дараа Сирийн удирдагчийн байр суурь ихээхэн бэхэжсэнийг тус радио сануулсан байна.

“Гэхдээ Асадад үзүүлсэн цэргийн дэмжлэг нь Сирийг чиглэсэн Оросын стратегийн зөвхөн нэг хэсэг бөгөөд энэ бодлогын нөгөө хэсэг нь иргэний дайныг зогсоох зорилгоор олон улсын хэлэлцээг эхлүүлэхэд оршиж байна” гэж “Эрх чөлөө/Европын эрх чөлөө” үзэж байгаа аж.

“Асадыг Кремльд хүлээн авсан нь Москва дипломат хүчин чармайлтыг эрчимтэй тавьж эхэлж байгааг харуулж болох юм” гэж тус радиогийнхан үзэж байна.

2011 онд улс оронд нь хямрал эхэлснээс хойш Асад анх удаа Москвад айлчилснаар бүрэн чадвартай төрийн тэргүүн гэдгээ харууллаа. Энэ нь Асадын ашиг сонирхолд тавьж буй Москвагийн шалтгуудад дэмжлэг үзүүлж байна.

Сирийн хямралыг зохицуулах олон улсын хэлэлцээг ОХУ сэргээхийг оролдоно гэдгийг одоо үгүйсгэх аргагүй. “Магадгүй ийм арга хэмжээг хэдийн авч эхэлсэн” гэж тус радио онцлон тэмдэглэж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Сирийн хямралыг хэлэлцэх зорилгоор Вена хотод энэ сарын 23-нд Турк, Саудын Аравийн түншүүдтэйгээ уулзана гэж Оросын Гадаад хэргийн яам урьд нь мэдэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ