Бүсгүйчүүдийн бүлэг олон дахин ашиглах даавуун тор үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-05 00:26:09

Дундговь /МОНЦАМЭ/. “Гялгар уутнаас татгалзая” уриан дор дахин ашиглах даавуун торны үйлдвэрлэлийг хэсэг бүсгүйчүүд эхэлсэн байна. Тэд үйлдвэрлэлээ эхэлснээс хойш их бага тоогоор захиалга огт тасрахгүй байгаа хэмээн ярилаа.

Ердөө л 0.25 мм- ийн маш нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд шингэхдээ 100 гаруй жил болдог гэдэг. Газрын хөрсөнд шингэхгvй он удаан жил байхдаа хорт нэгдэл ялгаруулж байдаг. Хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж олон төрлийн органик уусгагчийг хүнсэнд шингээж, гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болдог гээд гялгар уутны сөрөг тал олон бий. Зохимжгүй хэрэглээ гэдгийг хүмүүс мэддэг хэрнээ хэрэглэсээр л байдаг. Нийлүүлж тооцоход багагүй мөнгийг ч гялгар уут, торонд зарцуулдаг.

Үр ашиггүй хэрэглээ, дээр нь байгаль дээр наад зах нь 100 жил устахгүй, уусахгүй байх чадвартай энэ хортой хог хаягдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор  даавуун торны үйлдвэрлэлээ эхэлсэн гэж “Амгалан ундрал” бүлгийн ахлагч Ч.Цэрэндорж хэлсэн юм.

“Амгалан ундрал” бүлэгт 7 бүсгүй нэгдсэн байна. Хоёр сар гаруйн өмнө үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд Дэлхийн зөн Дундговь орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар оёдлын машинтай болжээ. Сайн чанарын материалаар эдэлгээ даах даавуун торыг төрөл бүрийн шинэлэг загвараар урладаг. Загвар, хэмжээнээс хамааран 1500- 10000 төгрөгийн үнэтэйгээр эдний бүтээгдэхүүн үнэлэгдэж байна. Улаанбаатар хотын Номин их дэлгүүр болон өөрийн орон нутагт 300 гаруй даавуун тор нийлүүлсэн. Захиалга их, бага тоогоор огт тасрахгүй байгаа хэмээн бүлгийн гишүүн П. Эрдэнэчулуун хэлж байна.

Үйлдвэрлэлээ эхлэхдээ гишүүн бүр давтагдахгүйгээр торны тав таван загвар гаргасан. Загвар хийцийн хувьд хэрэглэгчдэд гологдохооргүй. Тор гэхээр зөвхөн хүнсний бүтээгдэхүүн хийх зориулалттай байх биш, албан бичиг баримт, нотебүүкээ хийх зориулалтаар ч хийж байгаа. Зориулалт олон янз байж болдог гэсэн юм

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ