Ойн нөхөрлөлүүд байгуулагдсан нь үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-05 13:07:13

Булган /МОНЦАМЭ/ “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төслийн нээлттэй хаалганы өдөр Булган аймагт боллоо.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа энэ төсөлд таван аймгийн 101 нөхөрлөл хамрагддаг аж. Булган аймгаас 26 ойн нөхөрлөл төслийн үйл ажиллагаанд хамрагдаж үр шимийг нь хүртэж байгаа юм. Тус төслийн үзэл баримтлал, үйл ажиллагааны чиглэл, хүрсэн үр дүнг танилцуулах нээлттэй хаалганы өдөрт аймаг, сумын удирдлага, ойн нөхөрлөл, сум дундын ой анги, БОАЖЯ, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөлөл оролцлоо.

Бугат сумын “Дундат өргөө” ойн нөхөрлөлийн гишүүн Давгын Болд:

-Манай нөхөрлөлд 22 өрхийн 44 иргэн байдаг. Байгалиа хамгаалсны буянаар гол горхи сэргэж байна. Манай хариуцан хамгаалдаг 3500 га талбайд 4-5 булаг шанд сүүлийн жилүүдэд сэргээлээ. Нөхөрлөл зөвхөн ойн цэвэрлэгээгээр ашиг олж байгаа. Энэ нь нөхөрлөлийн гишүүдийн амьжиргаанд ихээхэн дэм болж байдаг. Хариуцан хамгаалж хэсэгтээ морь, мотоцикльтой эргүүл гаргаж ажилладаг. Бензин болон утасны нэгжний зардлыг ойн нөхөрлөлийнхөө хамтын сангаас гаргаж шийддэг. Үүний үр дүнд сүүлийн 10 орчим жил түймэр гараагүй гэж ярьлаа.

Манай улсын хэмжээнд ойн нөхөрлөл олноор байгуулагдсанаар ойг хамгаалах, зохистой ашиглах нь сайжирч, хууль бус мод бэлтгэл сүүлийн 5 жилд 70 хувь багассан, гарсан гал түймэр 2016 онд өмнөх жилээсээ 2,5, экологи, иргэд, аж ахуйн нэгжийн өмчид учирсан хохирол 5,8 дахин буурсан гэж төслийнхөн дүгнэсэн байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ