Баянчандманийн сургууль математикч хамт олноор шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-09 12:20:55
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ардын боловсролын тэргүүний ажилтан Р.Тэрбиш, Т.Ганболд нарын нэрэмжит “Төв математик” олимпиадыг Төв аймгийн Засаг даргын ивээл дор Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” ахлах сургууль дээр зохион байгууллаа.

Олимпиадад 30 сургуулийн 232 сурагч, 85 багш өрсөлдөж шилдгээ тодруулав. Тэргүүн байранд Ц.Батхүү захиралтай Баянчандмань сумын ЕБСургууль,  дэд байранд А.Эрдэнэбат захиралтай Батсүмбэр сумын ЕБСургууль, гуравдугаар байранд Л.Эрдэнэцэцэг захиралтай “Хүмүүн цогцолбор” сургууль тус тус шалгарчээ. Харин математикч хамт олноор Ц.Батхүү захиралтай Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургууль шалгарлаа. Олимпиад энэ жилээс аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг болсноороо ихээхэн онцлог болж байна гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Математикийн сургалтын чанарыг сайжруулж, математикийн сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр багш нар хамтран ажиллан, нийт сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, анги дэвших болон төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтуудын гүйцэтгэлийн хувийг улсын дунджаас дээгүүр үзүүлэлтэд хүргэх, улсын төрөлжсөн олимпиадад үзүүлэх амжилтыг ахиулах зэрэгт үнэтэй хувь оруулсан чухал ач холбогдолтой олимпиад боллоо гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ