Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-22 18:24:35

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийнхэн хоорондын харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн хоёр тал бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотолсон байна.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар байлцлаа гэж Засгийн газрынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ