“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байхыг холбогдох сайд нарт даалгав.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолсон байна.
Хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитын вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.
Хөтөлбөрийн хүрээнд хепатитын вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийхээр тусгажээ.
Засгийн газраас өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөр, стратегийн үр дүнд сүүлийн таван жилд вируст хепатитын өвчлөл өмнөх таван жилийн дунджаас буурсан. Гэсэн ч сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний өмөн, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас 6 дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн судалгаанаас үзвэл манай улсад хепатитын В,С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байна.
Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлэг барина
Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж гарын үсэг зурах эрхийг Үндэсний хөгжлийн газар /Б.Баярсайхан/-д өглөө.
Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм. Концессын гэрээний дагуу эмнэлгийн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусгаж улсын комисст хүлээлгэж өгнө. Засгийн газар төслийн нийт хөрөнгө оруулалт болох 25,724,600,000 төгрөгийг 2020 оноос тодорхой хуваарийн дагуу эргэн төлөх юм.
Товч мэдээ
- Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
- Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэргүүлэгчдийн 2016 оны үйл ажиллагааны тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Үүнтэй холбогдуулан хурал, түүний Тэргүүлэгчдэд Засгийн газрын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд Хэрэг эрхлэх газраас зөвлөмж хүргүүлж байх нь зүйтэй гэж үзлээ.
- Олон улсын валютын сан, Дэлхийн банкны Хаврын уулзалт, Япон Улсын Ёкохама хотод болох Азийн хөгжлийн банкны захирагч нарын 50 дахь жилийн уулзалт, Кипр Улсын Никосиа хотод болох Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын 26 дугаар жилийн уулзалтад оролцох төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв. Дээрх уулзалтууд дөрөв, тавдугаар сард болох юм.
- Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болов. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1600 гаруй нөхөрлөл иргэдийн санаачилгаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 40 гаруй мянган иргэн нэгдээд байна. Эдгээрийн 411 нь ус, ан амьтан, ургамал бэлчээрийн, 1200 гаруй нь ойн чиглэлийн нөхөрлөл юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.