Ш.Абэ: Пхеньян зарины хийгээр цэнэглэсэн пуужин харваж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-14 00:54:52

ТОКИО. /Sputnik/.  Маш хортой, мэдрэлд нөлөөлдөг зарины хий бүхий пуужингуудыг Умард Солонгос харваж болзошгүй гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр парламентад үг хэлэх үеэрээ анхаарууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгос пуужингийн байлдааны цэнэгт хошуунд зарины хий шахаж магадгүй” гэсэн байна.

Солонгосын хойгийн  хурцадмал байдлыг тайван замаар шийдвэрлэхийг Япон болон Хятад улс эрмэлзэж байна гэж Ш.Абэ цохон тэмдэглэжээ.

Умард Солонгос удаа дараалан пуужин харваж, цөмийн туршилт хийж байгаа нь Солонгосын хойгийн байдлыг улам хурцатгаж байгаа юм. Пуужин хөөргөж, цөмийн туршилт хийж байгаа нь НҮБ-ын баталсан тогтоолуудыг зөрчсөн хэрэг билээ. Тус улс хамгийн сүүлд энэ сарын 5-нд Өмнөд Хамгён аймгийн Синпо хотоос нэг баллистик пуужин харвасан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ