Москвагийн их сургууль-Европын шилдэг их сургуулиудын нэг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМОСКВА. /Interfax/. Европын шилдэг их сургуулиудын жагсаалтад ОХУ-ын Москвагийн их сургууль /МИС/ тавдугаарт оржээ.
Европын шилдэг таван их сургуулийн тоонд мөн Их Британийн Кембриж, Оксфорд, Лондоны Хатан хааны коллеж болон Швейцарийн Технологийн дээд сургууль багтсан байна.
Харин МИС дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 52 дугаарт бичигджээ. Уг жагсаалтыг Америкийн Харвард болон Массачусетсийн технологийн дээд сургууль тэргүүлсэн бол эдгээр их сургуулиудын дараа Их Британийн Оксфорд болон Кембрижийн их сургууль орсон байна.
Шилдэг их сургуулиудын жагсаалтад нийтдээ 6500 их сургууль багтжээ. “Thomson Reuters”-ийн жагсаалтыг дэлхийн улс орнуудын 65 мянган шинжээчийн дунд 2010-2014-нд явуулсан санал асуулгын дүнд үндэслэн гаргасан байна.
“Reuters” агентлаг “Thomson” корпорацийг 2008 онд худалдан авснаар “Thomson Reuters” медиакомпани байгуулагджээ. Тус компани шилдэг их сургуулиудын жагсаалтыг 2011 оноос хойш Их Британийн “Times Higher Education” сэтгүүлтэй хамтран гаргаж байгаа боловч энэ жил “Thomson Reuters” бие даан судалгаа хийхээр шийдсэн байна.
“Times Higher Education” сэтгүүлээс хамгийн сүүлд гаргасан жагсаалтад МИС дэлхийн хамгийн нэр хүнд бүхий сургуулийн дунд 25 дугаарт бичигджээ. Шилдэг их сургуулиар уламжлал ёсоор Харвард, Кембриж болон Оксфордын их сургууль шалгарсан байна.
Д.Жаргал
Сэтгэгдлүүд