Камероныг Их Британийн хэвлэлүүд буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-23 15:43:39

ЛОНДОН. /NHK/. БНХАУ-д дэндүү зөөлөн хандлаа гэж Ерөнхий сайд Дэвид Камероны Засгийн газрыг Их Британийн хэвлэлүүд шүүмжиллээ.

Өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын дарга Си Зиньпин хатан хаан Элизаветатай салах ёс гүйцэтгэж, айлчлалынхаа үеэр буусан Букингемийн ордныг орхин явжээ.

Дараагийн өдөр нь Си Зиньпин Камеронтай уулзаж, Бакингемшир тойрог дахь Ерөнхий сайдын ордны ойролцоо шар айраг шимж, загас, хөнгөн зууш зооглосон  байна.

Тэд хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ, Лондон болон Шанхайн хөрөнгийн биржүүдийг холбох төлөвлөгөөтэй байгаагаа дурджээ.

БНХАУ-ын хүний эрхийн асуудлаар Си Зиньпинтэй юу хэлэлцсэнээ Камерон мэдэгдээгүйг “Financial Times” сонинд тэмдэглээд, Камерон ашгийн төлөө БНХАУ-д долигоносон гэж түүнийг буруушаажээ.

БНХАУ ганг олон улсын зах зээлийн ханшаас хямдаар нийлүүлэх гэж байгаагийн улмаас Их Британийн гангийн үйлдвэрийн хэдэн мянган ажилтан ажлын байраа алдах аюултай нүүр тулаад байна гэж “The Daily Mirror” сонинд бичжээ. Уг асуудлаар Ситэй хэлэлцээ хийж, түүнээс нааштай хариу авч чадаагүй гэж Камероныг сонинд буруушаасан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ