Экологийн боловсрол олгох хөтөлбөртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-17 08:35:36
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг хөгжлийнхээ чиг хандлагыг тодорхойлж ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид батлан гаргалаа.
Хүүхэд, залуучуудад байгальтай зүй зохистой харьцах, хайрлан хамгаалах, мэдлэг, чадвар, дадлыг төлөвшүүлэх зорилготой хөтөлбөрийг хоёр үе шаттай 2024 он хүртэл хэрэгжүүлэх юм.
Хүүхэд залуучуудад байгаль орчныг хамгаалах, бохирдол, доройтолгүй орчинд эрүүл зөв амьдрах зөв дадал төлөвшиж, экологийн боловсролын түвшин дээшилж, орон нутгийнхаа байгалийн  баялгийг зүй зохистой, хэмнэлттэй ашиглах арга барил эзэмших, байгаль орчны гоо сайхныг таашаах мэдрэмж, хүн байгальтайгаа зохицон амьдрах сэтгэлгээ төлөвшүүлэхэд үр дүн гаргахаар зорьж байгаа аж.
Экологийн боловсрол эзэмшүүлэх сургалтын модультай болж, ерөнхий болон мэргэжилд бэлтгэх сургуулийн хичээлийн төлөвлөлтөд “Экологийн боловсрол олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, сургагч багшийг цэцэрлэг, сургууль бүрт бэлтгэх, сургууль, цэцэрлэгүүдэд байгальтай зөв харилцах, танилцах аялал хийдэг “Эко клуб” байгуулах, байгальд ээлтэй сургууль, цэцэрлэгийн тоог 50 хувьд хүргэх зэрэг шалгуур үзүүлэлтээр хөтөлбөрийн эцсийн үр өгөөжийг үнэлэх юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ