Нийгмийн даатгалынхан мэргэжилтнүүдээ чадавхжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-10-24 15:33:53

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй “Нийгмийн даатгалын ажилчдын чадавх бэхжүүлэх сургалт” ирэх долоо хоногт буюу энэ сарын 29, 30-нд Орхон аймагт болно.

Сургалтад Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн нийт 106 байцаагч, нийгмийн даатгалын ажилтан хамрагдах юм.  Сургалтаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшин, зардал, үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг, зөвлөмжийн талаар мэдээлэл өгч байгаа бол Нийгмийн даатгалын бодлогын  хэрэгжилтийн газраас УИХ-ын энэ оны 53 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Нийгмийн даатгалын багц хууль, түүнд орсон өөрчлөлт, Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажлын явц, шимтгэл төлөлтийг банкны цахим үйлчилгээ ашиглан төлөх тухай мэдээлэл өгч нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Мөн Эрүүл мэндийн даатгалын газраас ЭМД-ын хуулийн шинэчилсэн найруулга, Малчдын эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвээр сургалт хийж байна.

Бүсчилсэн сургалтыг зохион байгуулж дууссаны дараа зорилтот бүлэгт зориулсан нийгмийн даатгалын сурталчилгааны материал, гарын авлага боловсруулан гаргахаар төлөвлөж байгаа аж. Есдүгээр сараас эхэлсэн энэхүү сургалтад өнөөдрийн байдлаар Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг есөн аймгийн сумдын нийт 189 байцаагч, нийгмийн даатгалын ажилтныг хамруулжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ