Төр зардлыг нь хариуцаж элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг ирэх сард хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2017-04-28 15:34:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр, ясны чөмөг) мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсний дагуу анхны элэг шилжүүлэн суулгах хагалгааг ирэх сарын 12-ны өдөр иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр боллоо.

Иргэн Ш.Мөнхжаргал 2016 онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орох болж, байр, машинаа зарж, хүмүүсээс хандив тусламж гуйсан хэдий ч цуглуулсан мөнгө нь хагалгааныхаа төлбөрт хүрэлцэхгүй өнөөдрийг хүрчээ. Мөн түүний донорыг олох шинжилгээнд ураг төрлийн хүмүүс нь орсноос, зөвхөн нөхрийнх нь таарч нэг гэр бүлийн хоёр хамт хагалгаанд орох болсон байна. Ингээд гэрт ажил хийх хүнгүй санхүүгийн өндөр эрсдэлд орж явтал, элэг үнэгүй шилжүүлэх болсон баярт мэдээг дуулаад итгэж ядаж байснаа ярьж байв.

Тэрээр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэгүй болгож иргэдийнхээ нуруун дээрх санхүүгийн хүнд ачааг үүрэлцэх шийдвэр гаргасан Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт маш их талархаж буйгаа хувиасаа болон ах, дүү нарынхаа өмнөөс илэрхийлээд, өдий болтол эмчилж, эрүүл саруул авч яваа эмч нартаа талархал илэрхийллээ. 

Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэй хийж ирсэн бөгөөд цаашид үүнийг төрөөс хариуцдаг болж байна. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас 6 дахин их тоо юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад гепатитын В,С вирусын архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн ба үүнээс 30 мянга орчим нь элэгний хатууралтай байх магадлалтай аж. 
Холбоотой мэдээ