Сумдад эрүүл мэндийн төв барих, орон тоо нэмэх шаардлагатай байгааг сайдад танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-01 08:59:57

Өмнөговь /МОНЦАМЭ/  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон бусад албаны хүмүүс 4 сарын 29-30-нд Өмнөговь аймагт ажиллаа. Сайд тус аймагт ажиллах үеэрээ Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцан зарим тулгамдаж асуудлыг шийдвэрлэж өглөө.  
Тус аймгийн хувьд иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр орон нутагт олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь  элэгний өвчлөл, түүнээс үүдсэн нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж 40-дээш насны иргэдээ элэгний в, с вирусны эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулж байгаа юм. Цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхэд тулгамдаж буй асуудлыг сайдад танилцууллаа. Тухайлбал БОЭТ-ийн шинэ барилгын санхүүжилтыг яаралтай шийдэх, барилгын ажлыг түргэвчлэх, Ноён, Мандал-Овоо, Энхийн хүслэн Эрүүл мэндийн төвийн барилгуудыг барьж ашиглалтанд оруулах, БОЭТ, Гурвантэс, Цогтцэций сумын эмнэлгийн санхүүжилт, орон тоог нэмэх нэн тэргүүний шаардлага байна гэлээ.

Эрүүл мэндийн яамтай Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээнд эрүүл мэндийн чиглэлээр төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй сайжруулах олон заалтуудыг тусгасан байдаг. Тэгвэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус аймагт ажиллахдаа хамтран ажиллах гэрээний хүрээнд 4 суманд эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү сайжруулахад чиглэсэн УАЗ фургон машиныг гардуулан өглөө. Ханбогд, Мандал-Овоо, Ноён, Баяндалай сумд авомашинтай болж, хол ойрын дуудлага, тусламж хүргэхэд тулгардаг саад бэрхшээлээ шийдвэрлүүллээ. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эх хүүхдийн эрүүл мэнд”, “Элэг бүтэн Өмнөговьчууд”, “Эрүүл шүд” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарахад хамтран ажиллана гэлээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ