Өмнөговь аймагт “Говийн чоно-2017” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-01 12:20:05

Өмнөговь /МОНЦАМЭ/ Гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаа Өмнөговь аймагт  өнөөдөр эхэллээ.

Монгол Улсад зургаа дахь удаагаа болж байгаа уг дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран  зохион байгуулж байгаа бөгөөд хөдөө орон нутагт анх удаагаа болж байгаа юм.

Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн стандарт үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зорилгоор зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн  “Говийн чоно-2017 олон улсын дадлага сургууль нь энэ сарын 05 хүртэл үргэлжилнэ.

Дадлага сургуулийн үеэр Даланзадгад, Цогтцэций сумын иргэдийг нүүн шилжүүлэх, газар хөдлөлтийн улмаас үүссэн уурхайн осол, нуранги, аврах ажиллагааны болон мал, амьтны цэцэг өвчний үед ажиллах хээрийн эмнэлэг дэлгэх зэрэг дадлага сургуулиудыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах алба, өмнөд бүсийн Онцгой байдлын газруудын аврагчид АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын аврагчидтай хамтран гүйцэтгэх юм.
Тус аймагт өнгөрсөн жил уул уурхайн орчимд газар хөдлөлт болсон, 63 жилийн дараа малын онц аюултай халдварт цэцэг  өвчин гарсан тул тухайн дадлага сургуулилт нь цаг үеэ олсон, иргэдэд мэдлэг өгөх чухал үйл ажиллагаа болж байгааг аймгийн удирдлагууд онцолж байгаа юм.

Мөн энэхүү арга хэмжээнд АНУ, Япон, БНСУ, Канад, Унгар, Бангладеш, Австрали, Непал гэсэн 8 орны 50 гаруй, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өмнөговь гэсэн өмнөд бүсийн 6 аймгийн төлөөлөл оролцож байгаа ажээ.
Энэ үйл ажиллагааны үеэр 200 хүний ортой хээрийн эмнэлэг, хээрийн мал эмнэлэг нээсэн байна.
Уг дадлага сургуулилт өнөөдөр танхимын сургалтаар үргэлжилж байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ