Монголчууд Оросын ард түмэнтэй сэтгэл нэг байсныг энэ өдөр нэхэн дурсцгаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-04 22:35:27
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 72 жилийн ойн баярын хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр буюу 5-р сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд боллоо.
Энэхүү ёслолын арга хэмжээнд Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын ерөнхий консул Доржиев Александр Цыденшиевич, Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Насанбат, Хиагтын аймгийн Засаг дарга Буянтуев А.В, ахмад дайчдын төлөөлөл. Монгол Улсын Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ж.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Т.Баяраа, ХЦ-ийн 0243-р ангийн захирагч, хурандаа М.Дамдинсүрэн, ХЦ-ийн 0101-р ангийн захирагч, дэд хурандаа В.Намхайнямбуу, Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайхан, аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг, ахмадын төлөөлөл оролцлоо.
Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр  Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын ерөнхий консул Доржиев Александр Цыденшиевич:-“Дайны бүхий л явцад Зөвлөлтийн хүмүүс Монголын ард түмний ах дүүгийн тусламжийг мэдэрч байлаа. Бид Монгол нөхдийн Зөвлөлтийн фронтод илгээж байсан бэлэг, дулаан хувцас, сайхан Монгол морьдыг санан дурсаж өндрөөр үнэлж байдаг билээ. Монгол иргэдийн хөрөнгөөр “Монгол Ард” нисэх онгоцны экскадрелийг бүрдүүлсэн юм. Монголын төлөөлөгчид Улаан Армийн дайчдад зориулсан бэлэгтэйгээр хэд хэдэн удаа фронт дээр ирж байсан билээ. 1943 оны эхээр Сайд Нарын Зөвлөлийн дарга Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид Монголын ард түмний нэрийн өмнөөс Улаан тугийн одонт 112-р бригадад Т-32 маркийн 32, Т-70 маркийн 21 нийт 53 шинэ танкаас бүрдсэн “Хувьсгалт Монгол” танкийн цувааг хүлээлгэн өгч байлаа. Уламжлал ёсоороо бид өнөөдөр ахмад дайчид, Монгол Улсаас эх орноо хамгаалахаар явсан манай иргэдэд хүндэтгэл үзүүлж байна. 5000 гаруй Зөвлөлтийн иргэд Алтанбулаг, Карноковка, Булакта болон бусад тосгодоос Аугаа эх орны дайнд сайн дураараа тулалдахаар явсан юм. Тэдний олонхи нь тулалдааны талбарт амь үрэгдсэн билээ. Орос иргэдийн Нийгэмлэгээс ахмад дайчид, Монголоос дайнд оролцогчид, нутаг нэгт ах дүүстээ зориулан хоёр номыг хэвлэн гаргасан байгаа. Энэ номын хуудсуудад Оросын Батлан Хамгаалах яам болон хувийн архиваас авсан баримт бичиг, зургууд орсон байна.
Сэлэнгэ аймгийн удирдлага, Алтанбулаг сумын захиргаа, нутгийн иргэдэд Алтанбулагийн нутаг нэгтнүүдийн дурсгалыг хүндэтгэж, Зөвлөлтийн дайчдын хөшөөг хадгалж, арчилж байдагт гүнээ талархаж байна. 21-р зууны эхэн үед зарим орнуудад 1945 оны 5-р сарын 9-ний Аугаа эх орны дайны их ялалтын ач холбогдлыг бууруулах, дахин үнэлэх оролдлого гарсаар байна. Гэвч түүх түүхээрээ үлдэж, хүмүүсийн амьдрал үргэлжилсээр . . . Фашизмын эмгэнэл давтагдах ёсгүй” хэмээн хэллээ.   
Түүхэнд тодоор тэмдэглэгдсэн энэхүү дайны ялалтыг авчрахад эхний өдрөөс эцсийн мөч хүртэл Монголчууд Оросын ард түмэнтэй сэтгэл нэг байсныг энэ өдөр нэхэн дурсцгаалаа. Хойч ирээдүй болсон хүүхэд багачууд маань 72 жилийн тэртээ алтан амиа өргөн байж энх цагийг бидэнд авчирсан тэрхүү баатарлаг дайчдаа нэхэн дурсаж, гэгээн дурсгалыг үүрд хүндэтгэж, мөнхжүүлэн үлдэх учиртай. Энэ үеэр зочид, төлөөлөгчдөд зориулан Алтанбулаг сумын сургуулийн сурагчид, “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид, ХЦ-ийн 0243-р ангийн үлээвэр хөгжимчид ая дууны мэндчилгээ өргөлөө.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ