700 гаруй үйлдвэрлэл эрхлэгч байдаг ч тогтмол ажиллаж чаддаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-09 17:01:22
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт, малчин үйлдвэрлэл эрхлэгч болоод худалдаа эрхлэгчдийг оролцуулахгүйгээр 700 гаруй үйлдвэрлэл эрхлэгч бий. Тэд төмс хүнсний ногоо, газар тариалан, мах махан бүтээгдэхүүн, гар урлал, мод болон төмөр бүтээгдэхүүн гээд бүхий л төрлийн үйлчилгээг эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг. Гэвч дээрх 700 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид тогтмол үйл ажиллагаагаа явуулж чаддагүй. Энэ нь хөрөнгө санхүү, байр сав гээд олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтдаа хайх, цаашид үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар холбогдох хүмүүс зөвлөлдөж байна.
Аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар /ХХААГ/, Зээлийн батлан даалтын сантай хамтран Хандлага-Оролцоо-Хариуцлага уриан дор аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хоёрдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөлгөөнд Дарьганга, Баяндэлгэр сумдаас бусад бүх сумдын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болсон 170 орчим үйлдвэрлэгчид оролцлоо. Сүхбаатар аймаг хүн амын хэрэгцээт гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох гурил гурилан бүтээгдэхүүний 17 хувийг, төмс 24.3 хувийг, хүнсний ногооны 7.5 хувийг л өөрийн үйлдвэрлэлээр хангадаг байна. 
“Сүхбаатар аймаг дотооддоо 18-19.8 мянган тонн сүү, 8-12 мянган тонн мах бэлтгэх нөөцтэй. Гэтэл бид энэ нөөцөө ашиглаж чадахгүй байна. Ердөө сүүний 0.03 хувь, махны 2 орчим хувийг л үйлдвэрийн аргаар бэлтгэж байгаа юм. Тэгэхээр бид хойшид өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн ашиглахын төлөө ажиллах хэрэгтэй болоод байгаа юм. Ингэхийн тулд эхлээд бид малаа эрүүлжүүлэх нэн шаардлагатай. Уг нь манайд малын эмч нар нь, үйлдвэрлэл эрхлэгчид нь байгаа хэрнээ мэдлэг, мэдээлэл дутмагаас болж төдийлөн үр ашигтай ажиллахгүй байгаа юм. Тиймээс бид эхний ээлжинд эдгээр хүмүүстээ мэдээлэл хүргэх нь чухал гэж үзсэний үндсэн дээр энэхүү зөвлөлгөөнөө хийж байна. Зөвлөлгөөнд оролцогчдод төрийн бодлого, мэдээллийг нэгдсэн байдлаар өгөх, тэднийг чадавхжуулах, ЖДҮ-ийг кластераар хөгжүүлэх боломж, гадаад валютын зах зээлийн боломж нөөцүүдийг таниулах гээд маш олон мэдээллийг өгч байна. Ингээд тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болсоны дараа бид дараагийн ажлаа эхлүүлвэл илүү дөхөм байх болно...” гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга Э. Өлзийтогтох хэллээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөө, аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр ХАА-н салбарыг уур амьсгалын өөрчлөлт, Нийгмийн чиг хандлага, Эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинжлэх ухааны ололт, шинэ технологид суурилсан гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон, Эрүүл мал-Эрүүл хүнс зорилтын хүрээнд хүн амыг аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эд бүтээгдэхүүнээр хангах үндсэн зорилтыг дэвшүүлж нийт 15 зорилтыг баталсан. Энэ хүрээнд  2017-2020 онд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ажил, арга хэмжээний талаар засаг дарга З. Энхтөр танилцууллаа. 
Одоогоор Сүхбаатар аймагт 30 үйлдвэрлэл албан ёсны бүртгэлтэйгээр, тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ эдгээр нь бүгд жижиг дунд үйлдвэрлэл юм. Харин тун удахгүй буюу энэ сардаа багтаан 100 гаруй хүнийг ажлын байраар хангасан томоохон оёдлын үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 
Т. Одончимэг 
 
Холбоотой мэдээ