Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хамтарч ажиллах журамтай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-05-16 14:55:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Блью скай” цамхагт Олон улсын эрүүл мэндийн дүрэм /ОУЭМД/-ийн хэрэгжилтийн хамтарсан хөндлөнгийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах уулзалт, салбар хэлэлцүүлэг, зөвлөгөөн эхэллээ.

Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгаа талаар үнэлэх зорилгоор ДЭМБ-ын хамтарсан үнэлгээний баг манай оронд 7 хоногийн хугацаатай ажиллаж байна. Тэд “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний хурал”-аа ийнхүү эхлүүлж буй нь энэ юм. Тус хурлаар Монгол Улсад ОУЭМД-д заасан 19 чиглэлийн асуудлыг 48 шалгуур үзүүлэлтээр ДЭМБ-ын баг, Монголын үндэсний зохицуулах баг хамтран үнэлгээ хийх юм. Хамтарсан үнэлгээний хуралд ЭМЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, Зооноз судлалын үндэсний төв, Мал эмнэлэг, үржлийн газар гэх мэт салбар хоорондын байгууллагын төлөөлөл оролцож, байгууллага тус бүрийн хариуцаж байгаа асуудлаар үнэлгээ дүгнэлтээ хэлэлцүүлнэ.



Хамтарсан үнэлгээний хурлын нээлтийн ёслолд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын хамтарсан үнэлгээний багийн ахлагч Грэхэм Ради нар оролцож үг хэллээ. Тэд “Энэ удаагийн үнэлгээний зорилго нь ОУЭМД-ийн хэрэгжилтэд ямар ахиц дэвшил гарсныг дүгнэж, одоо байгаа чадавхийг үнэлж, цаашид хэрэгжүүлэх асуудлыг тодорхойлон шаардлагатай санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэхэд анхаарах юм. Үнэлгээний багт зөвхөн ДЭМБ төдийгүй, НҮБ, НҮБ-ын Хүнс , хөдөө аж ахуйн байгууллага гэх мэт олон байгууллагын төлөөлөл оролцож байна. Энэ хамтарсан үнэлгээ нь дотоод гадаадын мэргэжилтнүүдийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, цаашид цөм чадамжийг яаж сайжруулах талаар тодорхой шийдэл гаргана гэдэгт найдаж байна” гэв.

ОУЭМД-ийг 2005 онд Дэлхийн эрүүл мэндийн 58 дахь удаагийн чуулганаас баталж, 2007 оны долдугаар сард хүчин төгөлдөр болсон билээ. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн зорилго нь олон улс дахь өвчний дэгдэлтээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хяналт тавих, урьдчилан сэргийлэх, олон улсын худалдаа болон аялал жуулчлалаас шаардлагагүй тохиолдолд татгалзах, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлээс хамгаалахад оршдог.
Дэлхийн эрүүл мэндийн 2012 оны чуулганаас Олон улсын эрүүл мэндийн дүрмийг дагуу нийгмийн эрүүл мэндийн үндсэн чадавхийг хөгжүүлэх, эрчимжүүлэх, сайжруулахад шаардлагатай үндэсний хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг уриалсан билээ. Үүний дараа 2015 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн чуулганаас Олон улсын эрүүл мэндийн дүрмийн техникийн удирдлагын хяналт болон үнэлгээний уулзалтаар үйл явцыг боловсруулах ба хөндлөнгийн үнэлгээ хийх арга хэрэгсэл заавар зөвлөмжүүдийг санал болгосон юм. Тухайлбал, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалах, эрсдэлийг эрт илрүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээнд салбар хоорондын үр дүнтэй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж, мэдээлэхийг зөвлөмж болгосон. Эдгээр зорилтын хэрэгжилтийг үнэлэхдээ улс орны нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх, нийгмийн эрүүл мэндэд санаатай болон санамсаргүй учирч болзошгүй аюулыг эрт илрүүлж, яаралтай арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний бэлэн байдлыг харгалзан үздэг.



ОУЭМД-ийн Удирдах зөвлөлөөс Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар улс орнууд  дан ганц өөрийгөө үнэлэх аргаас гадна өөрийн үнэлгээг хөндлөнгийн үнэлгээ, газар дээр нь үнэлэх аргуудтай хослуулан салбарууд болон олон улсын төлөөллийг оролцуулан хийх зөвлөмжийн дагуу Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн гурав дахь орон болох бэлтгэлээ хангаж байгаа юм.

Зөвлөгөөнд оролцогчид энэ сарын 12-19-нд хөндлөнгийн хамтарсан үнэлгээнд бэлтгэх ажлыг Үндэсний зохицуулагч байгууллага болон салбар хоорондын байгууллагуудтай зохион байгуулж, НДББ-ээс өгөгдсөн аргачлал, асуумжийн дагуу ажиллаж, ОУЭМД-ийн үндсэн чадавхиа үнэлж, дахин үнэлгээ хийж, салбар хоорондын хамтын ажиллагаа, бэлэн байдлын чадавхийг сайжруулах ажлын төлөвлөгөөг 9 бүлэг, 60 заалттай төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тэд уг үнэлгээнд амжилттай оролцсоноор үндэсний аюулгүй байдлын чухал асуудал, хэрэгцээг тодорхойлж, бэлэн байдал, хариу арга хэмжээг сайжруулах ажлын салбар хоорондын төлөвлөгөөнд тусгахаас гадна одоогийн болон ирээдүйн түншлэгчдэд асуудлыг шийдвэрлэх нөөцийг бий болгох юм.

Улмаар салбар хоорондын хамтран ажиллах журамтай болно. Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед  салбар хоорондын мэдээ мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулсан салбар хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэх нэн чухал ажил болж байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ