Умардын пуужин Японы нутагт унасан тохиолдолд явуулах ажиллагааны сургуулилт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-23 09:18:37
ТОКИО./TASS/. Япон улсын нутаг дэвсгэрт Умард Солонгосын пуужин унасан тохиолдолд явуулах ажиллагааны команд штабын анхны сургуулилт боллоо. Сургуулилтад зэвсэгт хүчин, бүх яамд, тусгай газруудын төлөөлөгчид оролцсон тухай “Kyodo” агентлаг мэдээлсэн байна.

Умард Солонгос хэд хэдэн баллистик пуужингаар цохилт өгсөн тохиолдолд явуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор уг сургуулилтыг хийжээ. АНУ-ын цэргийн төлөөлөл уг сургуулилтад оролцоогүй аж.

Үүнээс өмнө 3 дугаар сард пуужингийн цохилт өгсөн үед явуулах хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны анхны сургуулилтыг хойд Акита мужид хийж байсан юм. 6 дугаар сард ийм сургуулилтыг Хоншю арлын гурван районд явуулах ажээ.

Умард Солонгос энэ онд 11 удаа пуужингийн туршилт хийсэн байна. Тухайлбал 3 дугаар сарын 6-нд Умард Солонгосоос нэгэн зэрэг дөрвөн пуужин харвасан нь Японы эргээс 200-350 км-ын зайд тэнгист унажээ.
О.Барс 

 

 


Холбоотой мэдээ