Х.Тэмүүжин гишүүний хүсэлтэд АТГ хариу өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-10-28 17:32:37

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдын алба хашиж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн хамаатнууддаа байр өгч, ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэхийг шалгаж өгөх хүсэлтээ АТГ-д гаргасан юм.

АТГ уг хүсэлтийг шалгаж үзээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд хариуг нь албан тоотоор хүргүүлжээ.

АТГ-аас хүргүүлсэн уг албан тоотод, “Таны хүсэлтэд дурдагдсан Хууль зүйн сайд байхдаа хамаатнууддаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, байр өгсөн. Үүгээрээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, хууль зөрчсөн” гэх асуудлын хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно” хэмээн бичиж ирүүлсэн байна.

Х.Тэмүүжин гишүүн энэ тухай жиргэхдээ “Хуурамч бичиг баримт үйлдэж хамаатнууддаа байр өгсөн гэх мэдээллийн эх сурвалжийг олох л үлдлээ” гэжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ