Д.Хаянхярваа: Монголбанкны шалгалтын дүнг үндэслэн хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-29 15:43:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, түүнд авах арга хэмжээний талаар хэлэлцэв.

Ингээд уг шалгалтад үндэслэн УИХ-ын тогтоолын төсөл гаргахаар болжээ. Дээрх тогтоолын төсөлд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулсан, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулсан, хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах боломжийг олгосноор төрд их хэмжээний хохирол учруулсан Монголбанкны тухайн үеийн нэр бүхий өмнөх албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгохоор тусгасан байна.  

Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Шалгалтын дүнгээс харахад өнгөрсөн дөрвөн жилийн эдийн засгийн гол дампуурал нь Монголбанкны үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлтэд хүрч байна. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөр хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзлээ" хэмээв. 

Монголбанкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ажлын хэсэгт АН-ын гишүүдийг оруулаагүй гэдэгтэй санал нийлэхгүй. Ажлын хэсэг байгуулах асуудлыг байнгын хороогоор нээлттэй хэлэлцэж, оролцох хүсэлтэй 7 гишүүнийг хамруулсан. Монголбанк өнгөрсөн жилүүдэд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо хууль зөрчин бодлогын хүүгийн түвшнээс хэт бага хэмжээнд зээлийн хүүг тогтоож, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, банкны алдагдал өссөн. 2011 онд Монголбанк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос алдагдалтай ажиллах болсон. 2016 оны эцэс гэхэд  хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болоод байна” гэв.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байсан аж. МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг  Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг  тал бүрээс нь судалж, гишүүдийн саналыг авч байна гэж энэ үеэр мэдээллээ. 
Б.Туул
Холбоотой мэдээ