Баянбулагийн эмнэлэг шинэ байрандаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-29 15:43:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянбулаг суманд Анагаах ухааны Доктор Б.Жамбалжамцын нэрэмжит Эрүүл мэндийн төв шинэ байрандаа орлоо. 

Тус эмнэлгийн өмнөх барилга буудлын зориулалтаар баригдсан, дээврийн засварт хэд хэдэн удаа орсон ч бороо чийгэнд идэгдэн барилгын чанар муудаж өвчтөнүүд хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн ажилчид ажил хэвийн явуулах боломжгүй болоод байсан юм.
Үүссэн нөхцөл байдлаас үүдэн 2015 оны өвлөөс тус эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлж ийнхүү ашиглалтад өгч байгаа аж. Барилгын ажлыг "Хорол Багана" ХХК улсын төсвийн 
1.2 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэйгээр барьж гүйцэтгэжээ.

Баянбулаг сумын эмнэлэг 1932 онд байгуулагдаж байсан бөгөөд өдгөө тус эмнэлэг 2 их эмч, 5 бага эмч, 5 сувилагч, үйлчилгээний ажилтнууд, нийтдээ 25 хүний бүтэцтэйгээр ард иргэдийн эрүүл мэндийг авран хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байна.

Сонирхуулахад, АУ-ны доктор Б.Жамбалжамц нь MCS группын Ж.Оджаргал, Ж.Од нарын аав. Үр хүүхэд нь аавынхаа нэрэмжит шинэ эмнэлгийн ор болон бусад зүйлсийг шинэчилж, шаардлагатай тоног төхөөрөмжийн хүсэлтийг нь хүлээж авчээ.

                                                                                                                              Б.Мөнхзул


Холбоотой мэдээ