Хүүхдийн баяраар 10 мянган хүүхдэд Маамуу сүү бэлэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2017-05-29 17:00:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинаа сүүний өдрийг 17 дахь удаагаа энэ оны зургаадугаар сарын 1-нд буюу олон улсын эх үрсийн баярын өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Харин манай улсад Монголын сүүний нэгдсэн холбоо санаачлан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтарч уг өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх талаарх мэдээллийг өнөөдөр холбогдох байгууллагаас мэдээллээ.

“Сүүтэй өдрүүд”-ийг тэмдэглэх ажлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Глобал коммунитиес олон улсын байгууллага, Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын охид эмэгтэйчүүдийн скаутын холбоо хамтран зохион байгуулж байна.

Дэлхийн сүүний өдрийг манай улс “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриан дор хүүхэд-сүү- эрүүл мэнд гэсэн агуулгаар тэмдэглэдэг. Монголын сүүний өдөр арга хэмжээг ирэх сарын 1-10-ны хооронд зохион байгуулах аж. Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах хүүхдийн баярын үйл ажиллагаатай хамтатган сүүний өдрүүдийг тэмдэглэх арга хэмжээг нээх бөгөөд “Маамуу” сүүг 10 мянган хүүхдэд бэлэглэх аж.
 
Түүнчлэн ирэх сарын 9, 10-нд сүүний фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүүний эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчлах зэрэг өргөн хүрээтэй ажлыг ХХААХҮ-ийн яамны нээлттэй өдрийн хүрээнд зохион байгуулна. Сүүний өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол нь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн шинэ сэргэг бүтээгдэхүүнийг хүүхэд, багачуудад өдөр тутам хэрэглэдэг амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хооллолтын асуудлыг дэвшүүлж байгаад оршиж буй юм.
Холбоотой мэдээ