Дэлхийд нэн ховордсон Мазаалайд автоспортынхон анхаарал хандуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-05-31 07:36:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд нэн ховордоод байгаа Мазаалай хамгаалах ажилд олон нийтийн анхаарлыг хандуулахаар авто замын “Мазаалай цом 2017” тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулна.

Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах тус тэмцээн зургадугаар сарын 3, 4-нд Морингийн даваанд болно. Тэмцээн Сонирхогчийн ангилал буюу ТR1, Мэргэжлийн ангилал буюу ТR3, Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6, UTV ангилал гэсэн 4 ангиллаар аваргуудаа тодруулна.



“Мазаалай цом 2017” тэмцээний эхний өдөр сонирхогчийн болон UTV ангиллын уралдаан болох бол хоёр дахь өдөр Мэргэжлийн болон Truck ангиллын шилдгүүдийг шалгаруулна. Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Зөв Монгол Ирээдүй” ТББ, Цагдаагийн ерөнхий газар ажиллана.



Өнгөрсөн жил “Мазаалай 2016” тэмцээний дараа зохион байгуулагчид 3 автомашин засварлан хүлээлгэж өгсөн юм. Мөн Говийн Их Дархан цаазат газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн. Говь нутагт сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, ган гачгаас болж ургамлын гарц муудаж мазаалай баавгай тарга тэвээрэг авч амжихгүй байх, хавар ичээнээс эрт гарах, хоолгүйн улмаас үхэж үрэгддэг. Иймд 1985 оноос мазаалай баавгай амьдарч буй газруудад тэжээлийн цэгүүд бий болгон хорголжин тэжээл, ус, мах тавьж өгч байгаа. Одоогийн байдлаар 13 цэгт тэжээл тавьж өгөөд байна.



“Говийн их дархан цаазат газар”-т УАЗ 469, Landcruiser 77, Фургон маркийн авто машинуудыг тэжээл зөөх, хамгаалах ажилд нь зориулж хандивлажээ. Харин эдгээр автомашинаас гурав үлдсэн нь үүрэг гүйцэтгэх боломжгүй эвдрэлтэй зогсоол байсныг засварласан байна.

Д.Өлзий 
Холбоотой мэдээ