Сахарын цөлд 40 гаруй хүн цангаж үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-01 22:16:50
НИАМЕЙ. /ВВС/. Нигер улсын хойд нутагт Сахарын цөлд сууж явсан ачааны машин нь эвдэрсний улмаас 44 цагаач цангаж үхжээ.

Улаан загалмайн нийгэмлэгийн албаны хүн өнөөдөр мэдэгдэл хийхдээ "ачааны машинд сууж явсан хүмүүсийн зургаа нь амьд үлдсэн. Амьд үлдсэн хүмүүс нь бүгд эмэгтэйчүүд бөгөөд тэднийг Нигер улсын Диркоу хотод эмчилж байна" гэв.

Гана болон Нигер улсын иргэд Ливи улс руу явж байгаад цөлд цангаж үхсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Нигер улсаас Ливид очих зам нь дүрвэгчид болон цагаачдын хувьд Хойд Африкт хүрч, улмаар Газар дундын тэнгисийг гатлан Европт хүрэх гол замуудын нэг юм.

Цагаачид нь ачааны машин дээр шахцалдан сууж явдаг учир Сахарын цөлийг гатлах нь тэдний амь өрссөн аяллын хамгийн хэцүү хэсгүүдийн нэг юм.

Энэ цөлд сууж явсан машин нь эвдэрнэ гэдэг цагаачдын хувьд цаазын ял сонссоноос өөрцгүй хэрэг гэж  албаны хүн хэлэв.

Нигер бол аж амьдралаа сайжруулах горьдлого тээн Европыг зоригч баруун африкчуудын хувьд дамжин өнгөрөх  гол цэг гэнэ.

Жил бүр хэдэн арван мянган цагаач Сахарын цөлийг гатлан Ливид хүрдэг байна. Ливийн эргээс тэд хийлдэг завь эсвэл хуучирч муудсан завинд суун Европ руу явдаг ажээ.

Газар дундын тэнгисийг гатлах нь Сахарын цөлийг гатлахаас ч дутахгүй аюултай юм.

Энэ тэнгисийг гатлах явцдаа жилд хэдэн хүн амиа алддаг нь тодорхойгүй. Олон цагаач болон дүрвэгч цөлд цангаж, тэнгист живж амиа алддаг бол тэдний зарим нь гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөж, дээрэмдүүлдэг байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард Нигер улсын Алжиртай залгаа хилийн ойролцоогоос 34 цагаач, тэдний дотор 20 хүүхдийн цогцос олдож байсан юм. Хүмүүсийг хууль бусаар хил давуулагчид цөлд орхин явсны улмаас цагаачид цангаж үхсэн байна гэж тухайн үед Нигерийн Засгийн газар мэдэгдэж байв.

Г.Доржханд
Холбоотой мэдээ