АНУ-ын баазыг шилжүүлэх ажлыг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-29 14:20:06

ТОКИО. /TASS/. АНУ-ын тэнгисийн явган цэргийн явган цэргийн агаары нисэх онгоцны бааз болох Фүтэммаг Японы Окинава мужийн Гинован хотоос Хэноко сууринд шилжүүлэн байрлуулахтай холбоотой барилгын ажлыг тус улсын эрх баригчид өнөөдөр сэргээжээ.

Ажил явуулах зөвшөөрлийг цуцлах тухай Окинава мужийн захирагч Такэши Онагагийн шийдвэрийг Японы Төрийн газар болон тээврийн яам мягмар гарагт хүчингүй болгосны дараа дээрх ажлыг сэргээх боломжтой болсон байна. Үүний сацуу, барилгын ажил явуулах зөвшөөрлийг цуцлах шийдвэрээ хүчингүй болгох шаардлагыг тус яам Окинавагийн эрх баригчдад хүргүүлжээ. Хэрэв давтан шаардлага хүргүүлсний дараа Фүтэмма баазыг Хэноко сууринд шилжүүлэн байрлуулахыг эсэргүүцэж байгаа мужийн захиргааны байр суурь хэвээр байвал Окинивагийн эрх баригчдыг шүүхэд өгч магадгүй.

Одоогийн байдлаар Америкийн Фүтэмма баазыг Хэноко сууринд шилжүүлэн байрлуулах ажлыг 2020 оны 10 дугаар сарын 31-нд дуусгахаар төлөвлөж байгаа юм. Гэхдээ Японы төв Засгийн газар болон мужийн эрх баригчид хоорондын маргааныг таслах шүүх ажиллагаа болсон тохиолдолд энэ ажил удааширч, АНУ-ын дургүйцлийг төрүүлж магадгүй байна.

Фүтэмма бааз нь хүн ам шигүү суурьшсан, сургуулиудтай маш ойр газар байрладаг учраас дэлхийн хамгийн аюултай агаарын баазад тооцогддог. АНУ-тай байгуулсан гэрээний дагуу, Японы Засгийн газар тус агаарын баазыг Окинива мужийн Гиновон хотоос Хэноко сууринд шилжүүлэх ажлыг 2006 оноос эхлүүлжээ. Фүтэммаг шилжүүлэн байрлуулахын тулд Хэнокод далайн эрэг хавийн 160 га зурвасыг шороогоор дүүргэх ёстой юм. Мужийн оршин суугчид үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь шүрэн хадуудад нөхөж баршгүй хохирол учруулна гэж үзэж байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ