Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-10-29 18:01:40

МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форумын хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам хэлэлцүүлэг болов.

Тус хэлэлцүүлэгт МАН-ын бага хурлын гишүүн анагаах ухааны доктор Ж.Цолмон, анагаахын шинжлэх ухааны мастер, клиникийн профессор Ц.Ганхүү, МАН-ын бага хурлын гишүүн, хүний их эмч Д.Атармаа, анагаах ухааны магистрант хүний их эмч Х.Бат-Ирээдүй нар оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү зөвлөгөөн нь Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд, болон түүнээс гарах арга зам, эрүүл мэндийн салбарын тогтолцоо, санхүүжилт, хүний нөөц боловсон хүчин зэрэг асуудлыг хөндөн ярилцаж, санал бодлоо солилцсон гэдгээрээ онцлогтой байв.

Тухайлбал,МАН-ын бага хурлын гишүүн, анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон: “МАН-аас зохион байгуулж байгаа “Бид хамтдаа” үндэсний хөгжлийн форум цаг үеэ олсон, хамгийн гол нь салбарын өмнө тулгарч буй асуудлуудыг ард иргэд болон тухайн салбар, төрөөс хэрхэн зөв гарцыг олох вэ гэсэн зорилготой байлаа. Эрүүл мэндийн салбар бол бүх хүнд хамааралтай, асар том асуудал. Өнөөдөр бид нар хоёр цаг хуралдаж, хэлэлцээд зөв зам руу нь оруулж чадахгүй. Харин бидний хэлэлцсэн асуудлууд тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Эрүүл мэндийн салбар нь маш онцлогтой. Хүний хөгжлийн бодлогын үндэс суурь нь юм. Хүн эрүүл байж, сурч боловсорч, ирээдүйдээ итгэлтэй болж, улс орноо хөгжүүлнэ. НҮБ-аас долдугаар чуулганаар эрүүл мэндийн салбарыг тухайн орны онцлогт нь тохируулж хөгжүүлэхийг уриалсан. Мөн “Хүүхэд-Ахмад”-ын эрүүл мэндийн хөгжлийн стратегийг 2016-2030 хүртэл баталж, донор орнууд 25 тэрбум ам.долларыг цуглуулж өгөхөөр боллоо. Энэ бол эрүүл мэндийн түүхэнд хамгийн өндөр санхүүжилт хийж байгаа тохиолдол. Эрүүл мэндийн салбарын нэг гол асуудал бол хүний нөөц. Энэ салбарын боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиуд нь Боловсролын яаманд харъяалагддаг. Харин эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгцээ шаардлагатай уяалдахгүйгээр элсэлт явагдаад байна. Мөн хувийн болон төрийн эрүүл мэндийн боловсрол олгож байгаа сургуулиудын сургалтын стандарт янз бүр байна. Үүний зэрэгцээ манайд нэг ч эрүүл мэндийн чиглэлийн сургууль дэргэдээ сургалтын эмнэлэг байхгүй. Иймд нөхцөлд клиникийн ур чадваргүй эмч нар төгсч байна. Онол гэдэг нь нэг хүний бичсэн зүйлийг уншаад л өөр мэдлэг олгохгүй. Өнөөдөр амьдрал дээр гараад бодит зүйл хийж байж жинхэнэ мэдлэг болно. Тэгэхээр мэдлэгийг цогц байдлаар нь аваад төгсөх хэмжээний сургууль үгүйлэгдэж байна” хэмээн онцолж байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ