Израилын сайд ОХУ-д Элчин сайдын яамаа Иерусалим руу нүүлгэхийг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-09 10:14:08
ТЕЛЬ-АВИВ./TASS/. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху-гийн тэргүүлдэг “Ликуд” намын улс төрийн товчооны дарга, Израилын Үндэсний өв соёл, Иерусалимын асуудал эрхэлсэн сайд Зеэв Элькин ОХУ-д элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу Америкчуудаас түрүүлэн шилжүүлэхийг уриалжээ.

“Америкийн Ерөнхийлөгчийн хагас жилийн хугацаатай завсарлага авсан үеийг ашиглан элчин сайдын яамаа Иерусалим руу нүүхийг би Оросд санал болгохгүй байж чадахгүй байна” хэмээн З.Элькин Оросын баярын өдрийг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан хүлээн авалт дээр Еврейн улсад суух ОХУ-ын Элчин сайд Алескандр Шеинд хандан хэлжээ.

4 дүгээр сарын 6-нд ОХУ-ын ГХЯ-ны цахим хуудсанд Москва НҮБ-ын Ойрхи дорнодын асуудлыг зохицуулах зарчим, түүний дотор Зүүн Иерусалимыг ирээдүйн Палестин улсын нийслэлийн статустай болгох шийдвэрийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм.
“Үүний зэрэгцээгээр, энэ утгаараа Баруун Иерусалимыг Израиль улсын нийслэл гэж үзэж байгаагаа мэдэгдэх шаардлагатай гэж үзэж байна” гэж тус баримт бичигт дурджээ.

Д.Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалим руу нүүлгэнэ гэж амлаж байсан ч уг ажлыг хагас жилийн хугацаагаар хойшлуулсан юм.

Америкийн элчин сайдын яамыг Иерусалим руу шилжүүлэх тухай хуулийг АНУ-ын Конгресс 1995 онд батлан гаргажээ. Гэсэн хэдий ч Ойрхи Дорнодын байдал хурцдахаас зайлсхийн Ерөнхийлөгч Билл Клинтон тус хуулийн хэрэгжилтийг хагас жил тутамд хойшлуулах болсон юм. Мөн ийм бодлогыг Клинтоны дараа Ерөнхийлөгч болсон Жорж Буш, Барак Обама нар үргэлжлүүлсэн юм.

Энэхүү асуудлын цаад учир нь гэвэл, Израиль улс 1967 оны зургаан өдрийн дайны явцад Иордан голын Баруун эрэг, Зүүн Иерусалимыг эзлэн авсан билээ. Еврейн улс Иерусалимыг өөрийн улсын “цорын ганц, хуваагдалгүй” нийслэл гэж зарласан юм.

Гадаад орнуудын элчин сайдын яамдын дийлэнх олонхи нь чухамхүү Иерусалимын статусын асуудлаас болоод Тель-Авивт байрладаг байна. Энэхүү асуудал нь Палестин Израилийн мөргөлдөөний гол асуудлын нэгд тооцогддог аж.
О.Барс  


Холбоотой мэдээ