Б.Бээжин: Шүүхийн үйлчилгээний төв иргэдэд хялбар үйлчилгээ хүргэдэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
164@montsame.mn
2017-06-12 14:08:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 онд шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд шүүхийн байр, ажлын зохион байгуулалт, харилцаа хандлагын цогц өөрчлөлтийг хэрэгжүүлж үйлчилгээг сайжруулах шилдэг төсөл шалгаруулах төслийн уралдаан зарласан юм. Уралдаанд шалгарсан шүүхүүд үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн 'Шүүхийн үйлчилгээний төв” нээ наөжиллаж эхлээд байна. Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Бээжинтэй 'Шүүхийн үйлчилгээний төв”-ийн талаар ярилцлаа.

-'Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулж, иргэдэд шинэ стандартаар үйлчилж эхэлсэн шүүхүүдийн нэг танайх. Энэ төвийг нээснээр иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлөөс энэ оныг иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд шүүхийн Тамгын газруудын дунд үйлчилгээний хэсгийг шинэчлэх төслийн уралдаан зарласан. Уралдаанд Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар шалгарч Шүүхийн ерөнхий зөвлөлийн санхүүжилтээр шүүхийн байрны нэгдүгээр давхарыг шинээр зохион байгуулж, тоног төхөөрөмж суурилуулж, сандал ширээ шинээр заслаа.

Шүүхэд үйлчлүүлэхээр хандсан иргэдийн ихэнх нь эрх зүйн мэдээлэл тааруу ирдэг. Хариуцагч нь хаана байвал хэрхэн хандах, улсын тэмдэгтийн хураамжийг яаж төлөх, нэхэмжлэлээ хэрхэн гаргах, тэр нь хэнд яаж хуваарилагдах талаар тэр бүр мэддэггүй. Энэ ч аргагүй. Хүн бүр эрхзүйч биш, хуулийн талаар мэдлэгтэй байх албагүй шүү дээ. Иргэдэд тулгардаг энэ мэт бэрхшээлийг л арилгахын тулд 'Шүүхийн үйлчилгээний төв” нээсэн. 'Шүүхийн үйлчилгээний төв”-д байрлуулсан самбар, үйлчлүүлэгчид суух сандал ширээ, шүүхийн мэдээллийн цахим хөтөч (киоск төхөөрөмж) зэрэг нь бүгд үйлчлүүлэгчид зориулсан, ашиглахад хялбар. Тухайлбал, тухайн иргэний хэрэг хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан, ямар ажиллагаа хийгдэж байгаа, хариуцагчийг дуудсан уу, шүүх хуралдаан хэзээ зарлах вэ гэх зэрэг бүх мэдээллийг цахим хөтөчөөс авах боломжтой. 

-Та шүүхэд хандаж байгаа иргэдийн олонхи нь мэдээлэл тааруу байдаг гэлээ. 'Шүүхийн үйлчилгээний төв” нээснээр анхан шатны мэдлэг авч, өөртөө үйлчлэх боломж олгож байгаа гэсэн үг үү?

-Мэдээллийн самбаруудыг хараад шүүхэд яаж хандах, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтээ яаж гаргах зэрэг мэдээллийг хэн нэгний тусламжгүйгээр авчихна. Мөн шүүхийн захиргааны ажилтнууд болон шүүгчийн ёс зүйн талаар хэн, хэрхэн гомдол гаргах талаар заавар байршуулсан. Энэ бүхнийг энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан схем байгаа учраас иргэд анхан шатны мэдээлэл авч, шүүхээр үйлчлүүлэх боломжтой.

-Иргэд анхан шатны мэдээллээ үйлчилгээний төвөөс авсанаар шүүхийн Мэдээлэл, лавлагааны ажилтны ачаалал буурч байна уу?

-Манай шүүх энэ оноос 'Хөтөч” ажиллуулж байгаа. Хэнд яаж хандах, хаанаас мэдээлэл авах зэргийг хөтөч зааж өгнө. Тэр дагуу бэлдээд тавьчихсан загварыг ашиглах боломжтой. Мэдээлэл, лавлагааны ажилтан иргэний хэрэг маргааны нэхэмжлэл авдаг учраас дараалалтай байдаг. Тиймээс иргэдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс өөртөө үйлчлэх шүүхийн цахим хөтөч ажиллуулж байгаа. 

-Шүүхээс анхан шатны үйлчилгээ авахад хялбар болжээ. Харин шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлж байгаа иргэдэд энэ үйлчилгээний төв ямар ач холбогдолтой бол?

-Үйлчилгээний хэсэгт тусгайлан ширээ, сандал тохижуулсан. Тэнд шүүгчийн туслах хэргийн оролцогчдод хэрэг танилцуулна. Тэр үйл явцыг дүрс бичлэгээр баталгаажуулж байгаа. Мөн хэргийн оролцогчдоор гарын үсэг зуруулах, програмаас хэвлэж авах зэрэг шаардлага гарвал компьютер, хэвлэгч, хувилагч машин байрлуулсан байгаа. 

-Танхимд хавтаст хэрэгтэй танилцуулахад хэргийн нууц алдагдах, хэргийн оролцогчдын тав тух алдагдах эрсдэл бий юү?

-Хэрэг танилцахад зориулсан ширээний тусгаарлагчийг модоор хийсэн. Тэгсэнээрээ бусад хүн харах боломжгүй.
Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч Ж.Батсайхан

Холбоотой мэдээ