Эртний булшны хадгалалт хамгаалалтыг сайжруулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-13 22:43:35
Дундговь/МОНЦАМЭ/ Хэн нэгний гараар хөндөгдсөн эртний булшинд археологчид малтлага хийж, олдворыг аймгийн музейд хүлээлгэн өгсөн байна. Энэ тухайд  музейн захирал М.Бямбажаваас тодруулахад, Өлзийт сумын Дэл ууланд хадгалагдаж байсан булш хөндөгдсөнийг өнгөрөгч сард мэдсэн. Энэ дагуу ШУТИС- ын бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн археологи этнографийн экспидецид хүсэлт тавьснаар судалгаа, малтлагыг өнгөрөгч долоо хоногт хийсэн гэлээ.
Энэ нь14- 15- р зуунд хамаарах булш бөгөөд агуйд байршиж байсан, хэн нэгний гараар хөндөгдөөд багагүй хугацаа өнгөрсөн байдалтай байжээ. Дэл ууланд 3 мянга гаруй хадны зургийн дурсгалаас гадна эртний булш, хиргисүүрүүд хадгалагдаж байдаг. 
Дээрхийн адилаар Дэл ууланд хадгалагдаж байдаг эртний хэд хэдэн булш хөндөгдсөн байна. Гэхдээ хэзээ ингэж хөндөгдсөн нь тодорхойгүй. Булш, хиргисүүр бол түүхийн үл хөдлөх дурсгал учраас дахин ингэж хууль бус малтлагт өртүүлэхгүй байх үүднээс Өлзийт сумын Засаг дарга захирамж гаргаж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, ойр хавьд нутагладаг малчдаар хараа хяналт тавиулах, хууль бус малтлагад дахин өртүүлэхгүй байх бүх талын арга хэмжээ авч ажиллахаар болсон байна.   
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ